Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь болон Ардчилсан намын 15 Дэд дарга нар Үндэсний бодлогын хорооны хурлаас гарсан шийдвэрүүд, бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр " Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын ҮБХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж намын дэд дарга, тэргүүн дэд дарга нарыг сонгож ажилд нь оруулсан. Мөн Улс төрийн зөвлөлийн гишүүдээ сонгож, баталсан. Өнөөдрөөс Улс төрийн зөвлөл ажилдаа орж байна. Цаашлаад Үндсэн дүрмийн хорооны тодорхой хувь болон Дотоод сонгуулийн хороонд шинэчлэл хийгдсэн.
Удахгүй Ардчилсан намын сум, аймгийн дарга нарыг сонгох сонгууль явагдана. Бид өнгөрсөн хавар, зунжин намын гишүүдийнхээ дуу хоолойг сонссон. Бүх аймаг, сумд очиж ажилласан. Ардчилсан нам нэгдмэл байх нь хамгийн чухал байна. Тэгэж байж төрийн алдагдсан бодлогыг засч, залруулна. Тиймээс бид гишүүдийнхээ саналд үндэслээд Ардчилсан намыг бүтэн байлгахад анхаарч, санаагаа чилээсэн. Ардчилсан нам эв эетэй байж Үндэсний бодлогын хорооны хурлыг хийсэн. Ардчилсан нам цусаа сэлбэж дараа үеийн залуусыг гаргаж ирэхэд анхаарах шаардлагатайг гишүүдээс анхааруулсан. Үүнд бид анхаарч ажиллаж байна. Мөн төрийн хүнд сурталтай холбоотойгоор төрийг шинэчилж, бодлогын алдааг засахад анхаарч ажиллана" гэлээ.
Харин Ардчилсан намын дэд дарга С.Баярцогт "Нэг нам хоёр дараалан ялалт байгуулаад байна. Энэ байдал удаан үргэлжилж, бодитой сөрөг хүчинтэй байхгүй бол Монгол улс авторитар тогтолцоо руу шилжинэ. Тиймээс одоогийн Ардчилсан нам, энэ намын гишүүд хариуцлагатай байж хүчтэй сөрөг хүчин байх ёстой. Ардчиллын баянбүрд гэгддэг Монгол орныг энэ хэвээр хадгалж үлдэж чадах уу. Хүний эрх, хувийн өмч, чөлөөт зах зээл, жижиг зах зээл гэдэг тогтолцоог хамгаалах нь Ардчилсан намын үүрэг. Ардчилсан нам эв нэгдэлгүй байхдаа ялагдал хүлээдэг. Энэ нь улс оронд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг өнгөрсөн долоон жилийн үйл явц харууллаа. Тиймээс Ардчилсан нам өнгөрсөн туршлагадаа маш сайн анализ хийсэн. Одоо шинэчлэгдэж буй шинэ Ардчилсан намын тухай ярих болно" гэлээ.
ҮЗЭХ: