АН-ын ҮБХ саяхан хуралдаж, нийт 49 хүнийг тус намын Дэд дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүн, Тамгын газрын дарга гэсэн намынхаа дотоод албан тушаалд томилсон. Эдгээр хүмүүс нь АН-аас нэг ч төгрөгийн цалин авахгүй бөгөөд харин ч тус намд санхүүжилт олж өгөх үүргийг нэн тэргүүнд хүлээж байгаа аж.
2017 онд шинэ дүрэм зохиож нийт гишүүдийнхээ дунд сонгууль явуулж АН-ын даргаар С.Эрдэнийг тодруулсан нь нэг хүний мэдэл, дарангуйлалд намаа алдаж болох эрсдэлтэй гэдгийг мэдсэн тул тус намын гишүүд өдгөө хуучин дүрэм рүүгээ буцаж байгаа аж. Жишээ нь дунд болон анхан шатны АН-ын дарга нараа нийт гишүүд нь биш салбар намын хорооны гишүүд нь тодруулж, чөлөөлнө гэсэн үг.
-Э.БАТ-ҮҮЛИЙН ХАЛААГ АВАХААР М.ТУЛГАТ, Т.БАТЦОГТ НАРЫН ЗАЛУУЧУУД НЬ ӨРСӨЛДӨЖ ЭХЭЛЖЭЭ-
Энэ дүрмээрээ нийслэлийн АН-ын хорооны даргаа ч тодруулах аж. Сонирхуулахад, тус намд АН-ын дарга гэсэн албан тушаалаас гадна Нийслэлийн АН-ын хорооны дарга гэсэн эрэмбээрээ нам дотроо хоёрдугаарт бичигдэх албан тушаал бий. Өмнө нь тус албан тушаалыг Э.Бат-Үүл нэр төртэй хийж, Улаанбаатар хотыг удирдаж байсан түүхтэй.
Тэгвэл өдгөө нийслэлийн АН-ын даргад тус намын залуучуудыг өрсөлдүүлэхээр фракцууд нь бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогтыг, АН-ын дарга Л.Гантөмөр өөрийн найз Сүхбаатар дүүргийн засаг дарга асан Д.Бадарсныгаа зүтгүүлнэ гэж байгаа бол, тус намын 1970 оны залуучуудын нэгдэл болох "Од" фракцаас НИТХ-ын төлөөлөгч М.Тулгатыг, Үндэсний жигүүр хөдөлгөөн фракцаас А.Цэрэнбатыг дэвшүүлж байгаа ажээ.
Харин эдгээр залуучуудаас нийслэлийн АН-ын даргаар сонгох санал хураалт ирэх аравдугаар сараас нааш болохгүй байх төлөвтэй байгаа аж.
Учир нь одоог хүртэл дүүргүүдийн АН-ын дарга нар нь тодроогүй, намын хорооны гишүүдээ тодруулах хурлаа ч хийгээгүй байгаа аж. Нөгөө талаар АН-ын дарга Л.Гантөмөр энэ сарын 20 /2023.09.20/-оос эхлэн Англи, Америк, Солонгос, Герман гэсэн орнуудад айлчлах гэж байгаа тул, түүнийг аравдугаар сар /2023.10/ гаргаад эх орондоо иртэл нийслэлийн АН-ын хорооны даргыг тодруулах санал хураалт явахгүй ажээ.