Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2023.09.01/ болсон. Хуралдааны шийдвэрийг Зам тээврийн сайд С.Бямбацогт танилцууллаа.
Зам тээврийн сайд С.Бямбацогт, “Өнгөрсөн даваа гарагт Л.Оюун-Эрдэнэ сайд авто замын салбарынхантай уулзалт хийж, олон асуудлыг хэлэлцсэн юм. Тус уулзалтаар авто замын салбарт тулгамдаж буй олон асуудлуудыг шийдвэрлэгдэх боломж бүрдэж, өнөөдрийн Засгийн газрын хурлаар танилцуулж холбогдох шийдвэрүүд гарлаа. Нэгдүгээрт, “Шинэ сэргэлтийн салбар”-ын гол бодлого бол авто тээврийн сэргэлт, боомтын сэргэлт юм. Урьд нь Монгол Улсыг Хятад, Оростой холбосон ганц замтай байсан бол өнөөдөр таван замын замтай болох ажил хэрэгжиж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гарсан шинэ сэргэлтийн таван тойргийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсыг Орос болон Хятадтай холбосон, бүр цаашилбал Ази, Европтой холбосон таван босоо тэнхлэгийн замтай болгох шийдвэр гарлаа. Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд гэсэн ганц босоо тэнхлэгийн ганц замтай байсан бол өнгөрсөн жил Ховд-Цагааннуур гэсэн хоёр дахь босоо тэнхлэгийн замтай болсон. Одоо гурав дөрөв, тав дахь босоо тэнхлэгийн замтай болох бодлогыг хэрэгжүүлж байна.
Хоёрдугаарт, Барьсан замуудад засвар хийх ажлыг авч хэлэлцлээ. Монгол Улсад 15 мянга орчим км олон улсын болон улсын чанарын зам бий. Үүнээс 7500 км нь хатуу хучилттай зам. Энэ замын дийлэнх нь зургаагаас дээш жилийн насжилттай болж хуучирч, муудсан байна. Сүүлийн жилүүдэд зам барихад л анхаарч байснаас засварлах талаар огт анхаараагүй. Иймд ирэх жил 200-аас дээш тэрбум төгрөгийг зам засварын ажилд төлөвлөөд байна" гэлээ.
ШУУД: