Ромын пап Франциск нь Монголд айлчилж буй анхны пап лам бөгөөд есдүгээр сарын 1-4 хооронд Монголд улс төрийн айлчлалаа хийнэ.
Тэгвэл "Ройтерс", "Франс Пресс" зэрэг агентлагийн мэдээлснээр Ромын Пап лам Италийн Ром хотын Фиумичино нисэх онгоцны буудлаас орон нутгийн цагаар өчигдөр буюу наймдугаар сарын 31-ний 18:40 цагийн онгоцоор Монголыг зорьсон байна. Тэрбээр 9 цаг гаруй нисч өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний 10.00 цагийн орчимд Улаанбаатарт ирэх юм.
Пап лам Орос, Украйны дайнаас зайлсхийхийн тулд Хятадын агаарын хилээр дамжин Монголд айлчилж байгаа аж.
Манай улсын нийт 3.3 сая хүн амын 60 орчим хувь нь шашин шүтдэг бөгөөд ихэнх нь Буддын шашинд итгэдэг. 1450 орчим католик шашинтантай байгаа нь хүн амын 1% хүрэхгүй. Өдгөө 86 настай Ромын Пап католик шашинтнуудтай уулзахаар Монголд ирсэн түүхэн дэх анхны Пап лам болж байна.
1921 онд Хятадаас тусгаар тогтносон манай улс БНХАУ-тай улс төр, эдийн засгийн нягт харилцаатай хэвээр байгаа. Тэгвэл түүний энэ удаагийн айлчлал нь Хятадтай харилцаагаа сайжруулахад тус дөхөм болно гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.
Монголд 5 өдөр, 4 шөнө айлчилж буй Ромын Пап лам Улаанбаатарт ирсэн эхний нэг өдөр амарч, есдүгээр сарын 2-нд Засгийн газраас зохион байгуулах угтах ёслолд оролцож, айлчлалын албан ёсны хуваариа эхэлнэ. Дараа нь Ромын Пап лам Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах бөгөөд төрийн албан хаагчид, дипломатууд, иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзаж, үгээ хэлэх юм.
Үүний дараа тэрбээр Улаанбаатар Епархийн Гэгээн Петр, Гэгээн Паулын сүмд бишопууд, лам нар, номлогчид, бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчидтэй хоёр дахь уулзалтаа хийх гэнэ. Ийнхүү есдүгээр сарын 3-ны өглөө бусад христийн урсгалын төлөөлөгчид болон бусад шашны төлөөлөгчидтэй уулзаж, үдээс хойш Степ Арена цэнгэлдэх хүрээлэнд үйл ажиллагаа явуулна гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Ромын Пап лам есдүгээр сарын 4-нд Нигүүлслийн ордонд нийгмийн халамжийн идэвхтнүүдтэй уулзсаны дараагаар Ром руугаа буцах юм.
Эх сурвалж: Reuters