Ромын папын айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорин суманд очно

Ромын папын айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорин суманд очно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийх гэж байна. Тэрбээр өнөөдөр /2023.08.31/ 10.00 цагт Хөшигийн хөндий олон улсын нисэх онгоцны буудалд газардах юм.

Харин албан ёсоор угтах ёслол маргааш /2023.09.02/ өглөө Сүхбаатарын талбайд болох бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзана. Улмаар Пап Францис энэ өдөр төр засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл, хамба санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэй уулзалт хийнэ.

Харин ням гараг /2023.09.03/-т шашин хоорондын уулзалт, гэгээн мөргөлийн үйл ажиллагаанд оролцох юм. Түүнийг ням гарагт дээрх арга хэмжээнүүдэд орох үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллахаар төлөвлөжээ. Түүнийг урьсан зочноо орхиод орон нутагт ажиллана гэдэгт үл итгэх хүмүүс олон бий.

Тэгвэл орон нутгийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ням гарагт Хархорин суманд очиж, Орхоны хөндийд богино цагаар ажиллах аж. Тиймээс сумын удирдлагууд энэ өдрүүдэд Ерөнхийлөгчийг угтахаар бэлтгэл ажлыг хангаж буй ажээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 03-ны өдөр Засгийн газраас “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Тиймээс “Шинэ Хархорин” хотыг байгуулахтай холбогдуулан тэрбээр Хархорин хотод ажиллахаар төлөвлөсөн нь энэ аж.