Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөлд, УИХ-ын дарга Г.Занданшатар Өвөрхангайд амарсан бол, ЕС Л.Оюун-Эрдэнэ амрахгүй "Их тэнгэр"-т бууриа сахижээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөлд, УИХ-ын дарга Г.Занданшатар Өвөрхангайд амарсан бол, ЕС Л.Оюун-Эрдэнэ амрахгүй "Их тэнгэр"-т бууриа сахижээ

Жил бүрийн зунд төрийн гурван өндөрлөгийг хаана амарч хэн хэнтэй уулзсан, юу ярьсан тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг татдаг. Ерөөс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хаана амарсан энэ үеэр тэдэнтэй хэн, хэн очиж уулзсан, уулзалтын уур амьсгал ямар байснаас шалтгаалан намрын улстөр өрнөж байсан удаа ч бий.

-ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ХӨВСГӨЛД АМРАХ ҮЕЭР ЗГХЭГ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ОЧИЖ УУЛЗСАН. ТЭД НАМЫН ЖАГСААЛТЫН ТАЛААР ЯРИЛЦСАН-

Энэ жилийн тухайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагаанд оролцонгоо Хөвсгөл аймагт амарсан байна. Түүнийг Хөвсгөлд амрах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй хүмүүс очиж уулзсан гэж буй. Албаныхан энэ уулзалтыг тодорхойлохдоо “Эв нэгдлийнх” гэж хэлж буй ч 2024 оны сонгууль тэр дундаа намын жагсаалтыг тойрч ярилцсан гэх мэдээлэл байна. Мөн улс төрийн өөр бусад асуудлаар ч ярилцжээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд МАН дахь “ах нар”-ыг дэмжиж жагсаалтаар УИХ-д сонгох сонирхолтой байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуу, боловсролтой хэсгээ энэ хэлбэрээр дэмжих нь зүйтэй гэдэг байр, суурьтай байгаа аж.

Энэ нь тэдний дунд зөрчил ч үүсгэж мэдэхээр байгаа юм. Харин дундын энэ байр сууринд Д.Амарбаясгалан ямар холбоос хийсэн нь анхаарал татна. Тэрбээр энэ уулзалтаас гадна Говь-Алтайд тусдаа уулзалт хийсэн. Ямартай ч намын жагсаалтаар хэнийг оруулж ирж, дэмжихээс гадна сонгуулиас өмнө нүүрсний сонсголыг хийхээр МАН-ын Удирдах зөвлөл Тэрэлж дэхь уулзалтаараа шийдэж, сонсгол хийсэн тохиолдолд Д.Амарбаясгалан хамгийн ихээр холбогдож буй тухай эрсдэлийг ч дотооддоо ярилцаж буй гэх мэдээлэл  бий. Тиймээс тэрбээр энэ бүхэнд менеж хийгээд завгүй гүйж байгаа.  

-ЕРӨНХИЙ САЙД АНУ-Д ХИЙСЭН АЙЛЧЛАЛАА ӨНДӨРЛҮҮЛЭЭД ИХ ТЭНГЭРТ ДӨРӨВ ХОНОГ АМАРЧЭЭ-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ийн амарсан бол УИХ-ын дарга Г.Занданшатар Архангай, Завханы 100 жилийн ойд оролцож Өвөрхангайд цөөн хоног амарсан гэх мэдээлэл байна. Ингэж амарсныхаа дараа тэрбээр Баянхонгорт очиж сумдын ойд оролцонгоо мөн амарчээ. Тэрбээр масст төрийг төлөөлсөн дүрээрээ сайн ажиллаж зуныг өнгөрөөжээ. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долдугаар сарын сүүлээр АНУ-д айлчилж ирээд дөрвөн хоног Их тэнгэрт амарсан бөгөөд бусад цагт ажилласан гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Аюулгүй байдлын хувьд төрийн гурван өндөрлөг нь хугацаа, байршлын хувьд зөрж амардаг бөгөөд гурвуулаа зэрэг амрахгүйгээр нэг нь заавал Их тэнгэрт үлддэг гэх мэдээлэл байдаг билээ. Энэ жилийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ амралгүйгээр бууриа сахиж үлдсэн нь энэ ажээ.