Өнөөдөр Афганистан Улсыг зорих энхийг сахиулагчид Зэвсэгт хүчний “Жанжин туг”-нд хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо.
Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх цэргийн хамгаалалтын ротын Х ээлжийн цэргийн багийн 120 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багт зургаан эмэгтэй алба хаагч байгаа юм.
ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Манай энхийг сахиулагчид энэхүү ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээрээ Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадавхийг нмэгдүүлэхээс гадна улс эх орныхоо аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсаа дэлхий дахинд сурталчлан таниулах, улс төр, эдийн засаг, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм” гэдгийг дурдаад цэргийн багийн захирагч дэд хурандаа Н.Цэцэнхүүд Монгол Улсын төрийн далбааг гардуулан өглөө.
Арга хэмжээнд ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалын удирдлага албаны хүмүүс, цэргийн багийн бие бүрэлдэхүүн тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.