Өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д “Эрдэнэс-Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ иргэдийн 1072 хувьцааны талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр мэдэгдэл гаргажээ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ын нэр хүндэд халдах гэсэн, эрх ашгаа оруулах гэсэн хүмүүсийн халдлага дайралт сүүлийн үед байнга гарах боллоо. Манай компани сүүлийн жилүүдэд өндөр ашигтай ажилласан нь олз ашиг хайгчид, албан тушаалын эрх мэдэлд хомхойрогчдын шунал атаархлыг төрүүлж байна. АН-ын гишүүн болох Л.Наранбаатар, түүний дагалдагчид энэ бүхнийг хийж байна. 1072 хувьцааны ногдол ашиг Монгол Улсын төрийн шийдвэрээр төмөр замын их бүтээн байгуулалтад орж байгаа. Ногдол ашиг хуваарилах ажлыг манай компани шийддэггүй. Харин Уул уурхайн яам буюу ТУЗ шийддэг. Манай компанийн нэр хүндэд халдагчдын эсрэг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэл эрх шийдэмгий тэмцэх болно. Л.Наранбаатар гэдэг хүн 2015 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК ямар ч ашиггүй. Тиймээс энэ компанийг бушуухан зарах, үрэх ёстой гэж мэдэгдэж байсныг та бүхэн санаж байгаа. Гэтэл тэр мэдэгдлээс нь хойш хоёрхон жилийн дараа өндөр ашигтай ажиллаад эхэлмэгц элдэв хорон муухай дайралт мэдээллийг тасралтгүй хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, сайд М.Энхсайхан нараар ахлуулсан бүлэглэл хэдэн жилийн өмнө БНХАУ-д “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг өгөх гэж оролдоод чадаагүй. Иймд өндөр ашгаа өгөөд эхэлмэгц харлуулах ажлыг тасралтгүй хийж эхэллээ. Манай компани 2012-2017 хүртэл ашиггүй ажиллаж байж өрөө дарж байсан. Тэр үед Л.Наранбаатар манай компаниийг ашиггүй ажиллаж байгаа учраас зарах ёстой гэж хэлж ярьж байсан. Өнгөрсөн жилээс өндөр ашигтай ажиллаад эхлэхээр нь дайрч эхэлсэн.
-Л.Наранбаатарын ТББ-ыг танай компани дэмжиж өнгөрсөн жил 20 мянган ам.доллар хүртэл өгч байсан гэдэг мэдээлэл гараад байгаа. Танай компанийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг яагаад танайх дэмждэг юм?
-Яагаад дэмжсэнийг би мэдэхгүй. Л.Наранбаатар илүү их мөнгө авах гэж шунахайрч дайраад тендерт ялж чадахгүй болохоороо хорсож энэ бүхнийг хийж байгаа байх. Өнгөрсөн жил “Коал Монголиа” хурлын үеэр Л.Наранбаатар төмөр замаа тавих ёстой гэж ярьж хэлж байсан атлаа өнөөдөр төмөр зам болохгүй. Харин ногдол ашиг өгөх ёстой гэж дайрч давшилж байна.
-Л.Наранбаатар танайхаас 360 орчим саяыг авсан гэдэг мэдээлэл ямар учиртай вэ?
-Өнгөрсөн жил “Коал Монголиа” уулзалтыг зохион байгуулна гэж манайхаас 40 мянган ам.доллар нэхэхэд нь манайхаас 20 мянган ам.доллар өгсөн юм билээ. Энэ хүн ганцхан манайхаас биш өөр уул уурхайн олон компаниас мөнгө авч тэр уулзалтыг хийсэн байх.