УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмснээр "гишүүд дарга биш дорго” болж хуулийг 39 биш 64 гишүүн лоббигүйгээр баталдаг болох уу

УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмснээр "гишүүд дарга биш дорго” болж хуулийг 39 биш 64 гишүүн лоббигүйгээр баталдаг болох уу

Үндсэн хуулийн өөрчлөлтийн гурав дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж батална. Ингэснээр УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулах, парламентын гишүүдийн тоог 126 болгон нэмэх нөхцөл бүрдэнэ. 

ҮХӨ-ийн өмнөх хоёр удаагийн хэлэлцүүлэг сүүлийн хэдэн сарын хугацаанд ард, иргэдийн дунд явж өндөрлөсөн. Энэ үеэр иргэд УИХ-ын гишүүдийн тоог 156 болгон нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байсан тул хууль санаачлагчийн зүгээс 126 болгосон юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлснээр “эрх мэдлийн төвлөрөл” буурах ач холбогдолтой юм.

Тухайлбал, иргэд УИХ-ын гишүүдийг “дарга” гэж үзэх тохиолдол хэвшил болоод байгаа. Харин гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлснээр эрх мэдлийн төвлөрөл багасах юм. Нөгөө талаар УИХ-ын чуулганы ирц энгийн олонх буюу 39 гишүүнээр бүрдэж, хуулийг 20 хүрэхгүй гишүүн лоббинд орж батлахаа болино. Харин гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэнээр 64 гишүүний ирцтэйгээр УИХ-ын нэгдсэн чуулган хүчин төгөлдөр болох ба хууль батлагдахад лобби ч байхгүй болох талтай.

Мөн УИХ-ын 126 гишүүний 60 хувийг тойргоос буюу мажоритар, 40 хувийг нь жагсаалт буюу пропорциональ системээр сонгох өөрчлөлт яригдаж буй.

Харин УИХ-ын гишүүдийг жагсаалтаар сонгохдоо нээлттэй пропорциональ буюу нам сонгох эсвэл жагсаалтад орсон гишүүдээс сонгох гэсэн хувилбараар явагдана гэж буй. Учир нь жагсаалтын ард хэрэг зөрчилд холбогдсон иргэд нэр дэвших вий гэсэн болгоомжлол бий. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас нэр дэвших хүмүүст “нэг ч хулгайч оруулахгүй” гэж мэдэгдсэн билээ.