Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор “Монгол хүүхдүүд” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан хүүхдийн баярын үеэр зохион байгуулах арга хэмжээ, тэдгээрийн хөтөлбөр, зам хаах чиглэл болон анхаарах зүйлсийн талаар мэдээлэл солилцож, үүрэг, даалгавар өгөх чиглэлээр нэгдсэн хурал боллоо.
Мөн Хүүхэд хамгааллын баг найман байршилд ажиллаж, хүүхдийг төөрөх, алга болох, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийн утасны дугаар тэмдэглэх хэсэг бүхий AR санамжтай, үйл ажиллагааны хөтөлбөр QR кодтой бугуйвчийг тараах аж.
Түүнчлэн явуулын автобус байршуулж, төөрсөн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх юм.
- Монголын хүүхдийн ордны хойд талаас талбай хүрэх, талбайгаас Шангри-ла худалдааны төвийн чиглэлд баярын парад алхахад аюулгүй байдлыг хангаж ажиллах
- Хүүхдэд зориулсан хөдөлгөөнт тоглоом болон хийлдэг тоглоомуудыг бүртгэж, хяналт тавьж ажиллах
- Арга хэмжээний үеэр эрүүл мэндийн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх гурван багийг бэлэн байлгаж, үйлчилгээ үзүүлэх
- Хүүхдийн баяраар хүүхдийг үнэгүй тээвэрлэх болон Замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж буйтай холбогдуулан нийтийн тээврийн хэрэгслийн чиглэлд зохицуулалт хийх зэрэг үүрэг чиглэл өгөв.