СУРВАЛЖИЛГА: ХХААХҮЯ-ны хүү багатай зээл нь түүхий эдээ бэлтгэх боломжийг бидэнд олгосноос гадна ноолуурын үнийг өндөр барихад нөлөөлсөн

СУРВАЛЖИЛГА: ХХААХҮЯ-ны хүү багатай зээл нь түүхий эдээ бэлтгэх боломжийг бидэнд олгосноос гадна ноолуурын үнийг өндөр барихад нөлөөлсөн

 Монгол улсад анхан шатнаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэл эрхэлдэг дотоодын үйлдвэр тун цөөн гэдгийг хэн бүхэн мэднэ. Түүхий эдээ экспортлох эс бөгөөс эцсийн бүтээгдэхүүнээ импортлох нь дотоодын үйлдвэрлэлийг зогсонги байдалд хүргэж буй. Гол нь төр засгаас дэмжиж өгөх нь ихээхэн тус дэм болно.

ВИДЕО

Тэгвэл ЖДҮ эрхлэгчдийг төр засгаас дэмжих бодлогын хүрээнд хөнгөлөлттэй зээлийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгож буй нь тун сайшаалтай.

Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолоор хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 5-6 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас хүүгийн зөрүү 13 хувийг хариуцан олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд арилжааны 10 банкаар дамжуулан эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар уг зээлийг олгож буй бөгөөд 2023 оны төсөвт хүүгийн хөнгөлөлтөд зориулж 135.5 тэрбум төгрөгийг ч тусгасан билээ.  Тэгвэл уг хөнгөлөлттэй зээлийг хэдийнээ үйлдвэр эрхлэгчдэд олгоод эхэлжээ. Энэхүү зээлэнд хамрагдаж, амжилттай үйлдвэрлэл эрхэлж, үйл ажиллагаагаа явуулж буй олон албан байгууллага, айл өрхүүд бий. Тэдний нэг болох “Snow Fields” ХХК-г онцолж байна. Тус компаний хувьд Монголын цагаан алт гэгддэг ноос ноолуурыг дотооддоо үйлдвэрлэж буй цөөн хэдэн компаниудын нэг юм.

-“NARAN CASHMERE” 5-6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВЧЭЭ -

Snow Fields ХХК нь 2004 онд Япон улсад үйлдвэрлсэн Shimaseiki маркийн сүлжих машинтайгаар ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргах чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус компаний хувьд түүхий эд бэлтгэхээс эхлээд эцсийн  бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шат дамжлагатай бөгөөд нийт 80 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж буй.

2008 оноос улам өргөжин тэлж, ээрмэл утас үйлдвэрлэх Япон тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ээрэх үйлдвэр, 2010 онд будах үйлдвэрийг тус тус ашиглалтанд оруулснаар хэрэглэгчийн хүссэн өнгө загварын дагуу, чанарын өндөр түвшинд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Биднийг үйлдвэртэй танилцахаар очиход орчин үеийн дэвшилтэт технологийн дуу хадаж, үйлдвэрийн машин тачигнан, үйлдвэрлэл эд өрнөж байлаа.

Тус үйлдвэрийн хувьд техник, технологийн шинэчлэлт, хөрөнгө оруулалтыг тогтмол хийснээр жилд  25тн утас будах, 40тн ээрмэл утас ээрэх, 100 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж.Snow Fields ХХК нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 85 хувийг экспортолдог бөгөөд дийлэнх хэсгийг нь Япон улсын зах зээлд нийлүүлж буй гэнэ. Мөн дотоодын зах зээлд “NARAN CASHMERE” нэрээр нийт 6 нэрийн дэлгүүрээр хэрэглэгч, харилцагчиддаа бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна.

Монголын ноолууран бүтээгдэхүүн нь байгалийн цэвэр органик түүхий эд байдаг тул дэлхий нийт нүд алддаг талаар тус үйлдвэрийн захирал бидэнд хуучилсан юм. Үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагуудын хувьд эргэлтийн хөрөнгө, анхан шатны түүхий эдээ бэлтгэх мөнгө санхүү нэн тэргүүнд тулгамддаг. Тэгвэл уг компани хөнгөлөлттэй зээлэнд хамрагдсанаар ямар боломж, давуу тал бий болсон талаар бид ярилцлаа.

-ЭНЭ ЖИЛ ЗЭЭЛИЙГ ЭРТ ОЛГОСОН НЬ НООЛУУРЫН ҮНИЙГ ӨНДӨР ТҮВШИНД БАРИХАД НӨЛӨӨЛСӨН -

“Snow Fields” ХХК-ийн захирал Ц.Ган-Өлзий “Эргэлтийн хөрөнгийн зээлийг засгийн газар маш хурдан шуурхай шийдэж өгсөн. Энэ оны гуравдугаар сарын сүүл дөрөвдүгэээр сарын эхэнд эргэлтийн хөрөнгийнхөө зээлийг гар дээр авчихсан байсан учраас хугацаа алдалгүй хурдан шуурхай түүхий эдээ бэлтгэх боломжтой болсон. Энэ жил малчдын хувьд хаваржилтын нөхцөл байдал маш хүнд байсан. Хэрвээ урьд жилүүдийнх шиг таван сар, зургаан сарын сүүлээр зээл авсан бол малчдад маань ч, ноолуураар үйлдвэр эрхлэгчдэд маань ч хүнд болно. Бид эргэлтийн зээлээ хурдан шуурхай авч чадсан учраас ноолуурын зах зээлд үнийн өрсөлдөөнийг тодорхой хэмжээнд өндөр түвшинд барьж чадсан. Үүнийг цаашдаа ч хэрэгжүүлж чадвал бид бүхэн гадаадын зах зээлд илүү анхаарч, борлуулалтаа дэмжихэд чухал ач холбогдолтой. Хөнгөлөлттэй зээлийг 100 хувь түүхий эд бэлтгэлд зарцуулдаг. Өмнөх жилүүдэд зургаа эсвэл долоон сард олгож байсан. Гэтэл Монголын ноолуурын зах зээлийн эд үе нь дөрөв, таван сар шүү дээ. Нэг ёсондоо бид оройтсон зээл авдаг байсан бол энэ жил тийм зүйл болоогүй нь сайшаалтай. Манай үйлдвэрийн бүтээгдэхүүний 97 хувь нь экспортод гардаг. Манай үндсэн үйл ажиллагаа бол Японоос эхтэй. Тиймэээс бүтээгдэхүшний 60-70 хувь нь Япон руу гардаг. Үлдсэн хэсэг нь Америк, Франц, Германы зах зээлд нийлүүлдэг. Дэлхийд өрсөлдөхүйц чанар стандартыг бий болгож, Монгол ноолуурын нэрийг цуурайтуулах нь бидний гол зорилго” хэмээн ярьсан юм.

Т.БЯМБАЖАРГАЛ