Өнөөдөр Олимпик хауст “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох Монголын баг тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардуулах арга хэмжээ боллоо.
Арга хэмжээнд жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага, жиү жицу, холимог тулаан, хөнгөн атлетикийн спортын тамирчид оролцож, Монголын Үндэсний Олимпын Хорооны удирдлагууд тэдэнд нэгдсэн хувцас, хэрэгслийг гардуулан, Азийн наадамд амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө. Уулзалтын үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч Г.Гантулга, ЕНБД Э.Бадар-Ууган, Удирдах зөвлөлийн гишүүд болон Монголын багийн дэд ахлагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Харумафүжи Д.Бямбадорж нар тамирчдад хандан, олон жилийн хөдөлмөр, бэлтгэлийнхээ үр шимийг Азийн наадмын дэвжээнд гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, Монголын спортын бахархалт түүхийг үргэлжлүүлэхийг онцлон захилаа. МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “Азийн наадмын тэнгэрт Монгол Улсын Төрийн далбаа олонтоо мандаж, төрийн дуулал олонтаа эгшиглэх болтугай” хэмээн ерөөж, Монголын спортын түүхэнд бэлгэшээлтэй өдөр тохиож буйг онцолсон юм. Учир нь энэ өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын аварга Э.Бадар-Ууган “Бээжин-2008” олимпын наадмын боксын төрөлд Монголын анхны олимпын алтан медалийг хүртсэн түүхэн өдөртэй давхцаж байна. Ийнхүү Монголын баг тамирчид “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцох бэлтгэлээ үргэлжлүүлж байна.