“Туулын хурдны зам”-ын трасст өртсөн 35 талбайг 8.1 тэрбумаар чөлөөлснийг "хуульд нийцүүлэн бүртгэж, ил тод зохион байгуулаагүй" нь аудитаар илэрчээ

“Туулын хурдны зам”-ын трасст өртсөн 35 талбайг 8.1 тэрбумаар чөлөөлснийг "хуульд нийцүүлэн бүртгэж, ил тод зохион байгуулаагүй" нь аудитаар илэрчээ

"Туулын хурдны зам"-ын гүйцэтгэгч хятад руу буцаж, үйл ажиллагааг нь зогсоосон тул түүнд олгосон 500 тэрбумын зарцуулалтыг нь тулгах боломжгүй болсон гэж аудитын байгууллагаас дүгнэсэн талаарх мэдээллийг бид өмнө нь бэлтгэн хүргэсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.  

Тэгвэл “Туулын хурдны зам”-ын трасст өртсөн нэгж талбар чөлөөлөлт болон ТЭЗҮ, зураг төсөл боловсруулсан байдалд Үндэсний аудитын газраас аудит хийж, Туулын хурдын замын газар чөлөөлөлтийг ил тод зохион байгуулаагүйгээс газрын давхцал, маргаан үүсэж, төслийн хэрэгжилтэд саад учруулах, зардал өсөх нөхцөл бүрдсэн болохыг онцолжээ. Мөн төслийн ТЭЗҮ, зураг төслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсруулаагүй, хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна гэж дүгнэжээ. 

-“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ”-ЫН СОЛБИЦЛЫН ЦЭГИЙГ ДАХИН ТООЦОЖ ШИЙДВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА-

Тодрулбал, Засгийн газрын 2013 оны "Хурдны зам баригдах талбайн солбицол батлах тухай" 307 дугаар тогтоолоор баталсан трасст 41 нэгж талбар өртсөн байжээ. Харин Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн судалгаагаар “Туулын хурдны зам” мега төслийн 2025 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн зөвшилцөн баталсан трасст нийт 112 нэгж талбар өртсөнийг Аудитаар тулган баталгаажуулсан байна.

Цаг хугацааны хувьд авч үзвэл 2025 оны трасст өртсөн 112 нэгж талбараас 86 нэгж талбар нь дээрх тогтоол батлагдсанаас хойш хугацаанд эзэмшил, ашиглалтад шилжүүлэх шийдвэр гаргуулан авсан бол Засгийн газрын 2013 оны 307 дугаар тогтоол батлагдахаас өмнө эзэмших, ашиглах шийдвэр гаргуулан авсан 26 нэгж талбар байжээ. 

“Туулын хурдны зам” төслийн трасст өртсөн 112 нэгж талбараас 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 55 нэгж талбарыг чөлөөлсөн бөгөөд дүйцүүлэх буюу талбай шилжүүлэх байдлаар 20 нэгж талбар, нөхөх олговор олгож 35 нэгж талбар чөлөөлж, нөхөх олговорт 8.1 тэрбум төгрөг олгосон байна. Харин газар чөлөөлөлтийг хуульд нийцүүлэн бүртгэж, ил тод зохион байгуулаагүйгээс газрын давхцал, маргаан үүсэж, төслийн хэрэгжилтэд саад учруулах, зардал өсөх нөхцөл бүрдсэн байна гэж аудитын байгууллага үзжээ. 

Харин газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа газрыг чөлөөлөхдөө “Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх журам”-ыг мөрдөж ажиллах, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг дуусгавар болгох, цуцлах, хүчингүй болгох нэгж талбар байгаа эсэхийг нягтлан мэдээллийн санд оруулах талаар аудитын баг албан шаардлага өгөхөөр шийдвэрлэсэн байна. Мөн цаашид 8 иргэн, ААНБ-д газар чөлөөлөх нөхөх олговорт 11.4 тэрбум төгрөг олгохоор бэлтгэл ажлыг хангасан байгаа аж. 

-ТӨСЛИЙН ТЭЗҮ, ЗУРАГ ТӨСЛИЙГ ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ БОЛОВСРУУЛААГҮЙ, ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГЫГ ХАНГАХГҮЙ БАЙНА-

“Туулын хурдны зам” мега төслийн зураг, төсвийг шинэчлэх ажлын гэрээг 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн хооронд 4.2 тэрбум төгрөгөөр байгуулсан байна. Гэтэл Зам, тээврийн сайдын 2024 оны А/276 дугаар тушаалаар тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор 2025 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр боловсруулсан баримт бичгийг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-т актаар хүлээлгэн өгчээ.

Төслийн “ТЭЗҮ, урьдчилсан зураг төсөв боловсруулах” зөвлөх үйлчилгээний гэрээг 2024 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын хооронд 100 сая төгрөгөөр байгуулсан байна.

ТЭЗҮ-ийн инженерийн судалгааны тайлан, урьдчилсан зураг төслийг 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Зам тээврийн яамны ШУТЗ-ийн дэргэдэх Авто замын салбар дэд зөвлөлийн хурлаар хэлэлцэж, авто замын түгжрэлийн судалгаа, тооцооллыг дахин нарийвчлах, 2014 оны хуучин ТЭЗҮ-ийн зохиогчийн эрхийг тодруулж холбогдох хууль журамд нийцүүлэх зөвлөмж өгснийг 2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн ШУТЗ-ийн хурлаар дэмжсэн байна.

Гэвч ТЭЗҮ-ийн бүрдэл болох “Нийгмийн судалгааны тайлан” нь улс төрийн шинжлэх ухааны доктор, профессорын гарын үсгээр баталгаажиж албажаагүй байгаа нь бодит тооцоо судалгаанд суурилсан, үндэслэл бүхий баримт бичиг гэж үзэхээргүй байна гэж аудит дүгнэсэн байх аж.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө