Нэр бүхий компанийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороон дахь барилгын ажлыг түр зогсоолоо

Нэр бүхий компанийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороон дахь барилгын ажлыг түр зогсоолоо

"Могулибиз" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон хэдий ч байнгын ажиллагаатай байна гэх иргэний гомдлын дагуу холбогдох албаныхан хяналт шалгалт хийжээ. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Хан Хиллс хотхоны баруун талд Нийслэлийн Засаг даргын 2015 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 13/16 тоот захирамжаар орон сууцны зориулалтаар олгогдсон газарт “Могулибиз" ХХК-ийн барилгын ажил нь Туул голын бургас сүйтгэж байна гэх иргэдийн гомдлын дагуу Нийслэлийн Байгаль Орчны Газар(НОБГ)-ын Улсын ахлах байцаагч ажиллаж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй тул үйл ажиллагааг нь 2023 оны тавдугаар сарын 1-ний өдөр зогсоосон.

Гэвч дахин үйл ажиллагаа явуулж байна гэх гомдлын дагуу Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон Салбарын хяналтын газар, Ойн газар, Усны газар, НБОГ өчигдөр ажиллав. 

Ажлын хэсэг очиход үйл ажиллагаа бүрэн зогссон, техник хэрэгслээ гаргаж байна гэх мэдээлэл өгсөн байна. БОАЖ-ын сайд Усны газар болон Ойн газар, НБОГ-т ойн сан орсон хэсгийг цуцлуулах саналыг холбогдох газарт нь тавьж шийдвэрлүүлэх, тус компанийг цаашид Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ хийлгэх хүртэл үйл ажиллагааг нь зогсоох, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах үүрэг өгөв. 

Өмнө нь 2018 онд иргэний гомдлын дагуу шалгаж, барилгын суурь ухахдаа бургас сүйтгэсэн зөрчилд экологи эдийн засгийн үнэлгээг 1,000 м2 газарт тооцуулж, нөхөн төлбөр 2,288,000 төгрөг, 3,000,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулсан байна гэж Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээлэв.