УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.14/ хуралдаанаар Дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, эрхийг хангах хүрээнд зохион байгуулсан Хяналтын сонсголын тайланг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Энэ их чухал асуудал юм. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжиж, амьдрах эрхтэй. Хүүхдүүд өдрийн ихэнх цагаа сургууль, цэцэрлэгтээ өнгөрөөдөг. Гэтэл бид дотор орчны агаарын чанарын асуудлыг огт ярьдаггүй. Тоглоомын талбайн стандартыг дөнгөж өнгөрсөн жил Нийслэлийн Засаг даргын тамгын газраас батлах жишээтэй. Тэгэхээр хүүхдүүдийн байдаг сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлгийн стандартыг ярих цаг болсон. Сүүлийн зургаан жилийн хугацаанд 175 цэцэрлэг, 272 сургууль барьсан. Дахиад 112 цэцэрлэг, 103 сургууль баригдаж байна. Одоо тооноос гадна чанарт анхаарах цаг болсон. Сүүлийн жилүүдэд хүүхдийн хорт хадвар онцгой нэмэгдэж байна. Үүний 3/1-ны цусны хорт хавдар. Үүнд дотор орчны агаарын чанар, барилгын материалын асуудал хурцаар яригдах цаг нь болсон. Будаг хүүхдүүдийн тагнайд амтагдаж байна. Барилгын материалын стандарт яаж тавигдаж байна, комисс тус барилгыг хүлээж авахдаа дотоод орчны агаарын чанарт анхаарч байгаа юу. Замын-Үүдэд баригдаж буй лаборатори хэзээ ашиглалтад орох вэ. Чанаргүй барилгын материалыг оруулахгүй байж чадах уу" гэлээ.
Харин түүний асуултад Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хариулахдаа " Барилгын материалыг хилээр оруулж ирэхгүй байх л арга хэмжээг авах ёстой юм байна лээ. Замын-Үүд дээр лаборатори баригдаж байгаа. Энэ онд ашиглалтад орно. Нийтдээ Монгол Улсын хэмжээнд 28 боомт бий. Алтанбулаг дээр гаалийн ерөнхий газрын лаборатори баригдаж байгаа. Энэ хоёр боомт дээр тоног төхөөрөмж суурилуулбал нийт барилгын материалын 90 гаруй хувь энэ боомтоор орж ирж байгаа юм. Үлдсэн боомтуудаар барилгын материал оруулж ирэх бол Улаанбаатар хотод урьдчилж, дээжээ өгч шалгуулах боломжтой. Энэ асуудлыг ингэж шийдэх боломжтой. Бүх будаг химийн орц найрлагатай. Будаг хатаагүй байхад хичээл оруулдаг. Энэ буруу. 14 нэр төрлийн будагны хор хэд хоногийн дараа гарч байгаа вэ гэдгийг судалж байгаа. 30 хоногийн дараа арилахгүй байгаа будгийг хүлээн зөвшөөрөхгүй. Гурван яам хамтран цогц байдлаар шинжилгээ хийнэ. Стандарт боловсруулж байгаа. Цаашдаа сайдын хэлдгээр стандартаа сайжруулна" гэлээ.
ҮЗЭХ: