Ж.Ганбат: Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш 800 орчим сая ам.долларыг бэлнээр оруулж ирсэн

Ж.Ганбат: Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш 800 орчим сая ам.долларыг бэлнээр оруулж ирсэн

Засгийн газрын өчигдрийн /2023.04.12/ хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын бүрэн эрхийн хугацааг дахин зургаан сараар сунгасан. Тэгвэл Д.Ганбат өнөөдөр /2023.04.13/ мэдээлэл хийж өнгөрсөн зургаан сард гарсан үр дүнгийн талаар мэдээллээ. 

ҮЗЭХ: 

Тэрбээр " Зургаан сарын хугацаанд 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 13 сая тонн нүүрсийг борлуулсан. Онцгой дэглэм тогтоосноос хойш 800 орчим сая ам.долларыг бэлнээр оруулж ирсэн. Энэ хэмжээгээр Монгол Улсын валютын орох урсгал нэмэгдсэн. Мөн урьдчилж авсан 270 сая ам.долларын өрийг барагдуулсан. Төмөр замтай холбоотой оффтейк гэрээний 200 орчим сая ам.долларын өр төлбөрийг төлсөн. Зөвхөн 2023 оны I улиралд бид 440 гаруй сая ам.долларыг оруулж ирсэн.

Энэ онд 23 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөг ТУЗ баталсан. Эрдэнэс Тавантолгой ХК бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллахад сард 2-2.5 сая тонн нүүрс борлуулах боломжтойг өнгөрсөн зургаан сарын хугацаанд бид харуулсан. Цаашид үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ. Энэ оны эхний I улиралд 7.5 сая тонн нүүрс борлуулсан. Энэ эрчээрээ явахад оны эцэс гэхэд 30 орчим сая тонн нүүрс борлуулах зорилт тавьж байна.

Эрдэнэс Тавантолгой ХК 13 жилийн түүхтэй. Ихэвчлэн сайн чанарын нүүрс борлуулж ирсэн. Уурхайд эрчим хүчний нүүрс, сул коксжих нүүрсний нөөц их байна. Үүнийг овоолго байдлаар үүсгээд байна. Эрдэнэс Тавантолгой ХК сорчлохгүйгээр олборлосон бүх бүтээгдэхүүнээ зарах зорилго тавьж байгаа. Энэ хүрээнд биржийн хоёр удаагийн арилжаагаар 200 мянган тонн эрчим хүчний нүүрсийг 70 гаруй ам доллараар биржээр зарсан. Одоо сул кокжсон нүүрсийг борлуулахаар зорьж байгаа. Энэ онд 6 сая тонн сул кокжсон нүүрс, 2.5 сая тонн эрчим хүчний нүүрс борлуулах зорилготой байна. Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг үнэд хүргэхийн төлөө ажиллаж байна. Үүний тулд нүүрсийг угааж баяжуулах ёстой. Угаах үйлдвэрийн төсөл хэрэгжиж байна. Гэрээний дагуу 2024 оны долдугаар сард ашиглалтад орно. Угаах үйлдвэрийг аль болох богино хугацаанд нэг хоногийн өмнө ч болов ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байна.Жилийн 10 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэр. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор нүүрсний үнэ одоогийнхоос тонн тутамд 60-80 ам.доллараар нэмэгдэнэ.Нөгөө талдаа өртөг зардлаа бууруулах зайлшгүй шаарлага үүсээд байна" гэлээ. 

Өнгөрсөн 2022 оны жилийн эцсийн тайлангаар 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Энэ ашгаас 2.5 сая иргэнд 2020 оны зарчмаар хуваарилавал нэг иргэнд 100 гаруй мянган төгрөг ногдоно.Гэхдээ бидэнд өөрийн төслүүдээ дуусгах зайлшгүй шаардлага байна. Угаах үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулж, орлогоо нэмэгдүүлэх нь нэн тэргүүнд чухал. Бидэнд ногдол ашиг тараах уу эсвэл угаах үйлдвэрээ дуусгаж, хувьцаа эзэмшигчдэдээ илүү үр өгөөж хүргэх үү гэдэг сонголт байна. Бид энэ асуудлыг ТУЗ-д танилцуулна. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 04 дүгээр сарын 28-нд зарласан. Энэ хурлаас эцсийн шийдвэр гарна. Тээврийн компанийг аль болох ажилтай болгож байгаа" гэлээ. 




Өнөөдөр хонь өдөр

6 цагийн өмнө