Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Шувуу" ажиллагааны явцын талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр энэ үеэр " "Шувуу" ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхээр болсон. Тодруулбал, үнэн зөв мэдээллийг мөнгөн урамшуулалтай авах шийдвэрийг өчигдрийн /2023.04.12/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Хуулийн байгууллагад шалгагдаж байх явцдаа гадаад улс орон руу оргон зайлсан хүмүүсийн мэдээллийг 11 11 төвд ирүүлж, тэр нь батлагдсан тохиолдолд мэдээлэл өгсөн иргэнийг 10 мянган доллараар урамшуулна.
Бид мэдээлэл төлбөртэй авдаг эрхзүйн үндэслэл бий. Энэ сарын 05-ны өдөр иргэн Х.Бадамжунайг Филиппин улсаас шилжүүлэн авчирсан. Тухайн иргэнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдаад байна. АТГ-ын Мөрдөн шалгах албаны холбогдох алба хаагчидтай иргэн Төгсбаяр Унгар улсаас холбогдож хэргээ шалгуулах хүсэлт гаргасан. Мөн иргэн Болортуяа мөн БНСУ-аас холбогдож хэргээ шалгуулж байна. Тухайн хүмүүст хилийн хориг, таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Ойрын үед бид БНСУ-аас хэд, хэдэн хүнийг тус улсын хууль сахиулагчидтай хамтарч албадан авчрах ажлыг хийж байна" гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Н.Удаанжаргалыг Аргентин улсад байгааг тогтоосон гэсэн. Хэзээ авчрах вэ?
-Хууль сахиулах байгууллага, АТГ, ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн алба энэ чиглэлээр холбогдох улс орнуудын хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж байна. Шилжүүлэн авчрах ажиллагаа явагдаж эхэлсний дараа энэ талаарх мэдээллийг өгсөн нь зүйтэй болов уу.
-Ч.Сайханбилэг дээр ямар ажиллагаа явагдаж байна?
-АНУ-ын Элчин сайд, эндхийн тус улсын аюулгүй албаны хүмүүстэй удаа дараа уулзалт хийж, хүсэлт тавьж байна. АНУ-д амьдрахад өртөг өндөр. Хаанаас санхүүжиж байгааг нь шалгах ажлыг хийж байгаа. Энэ хүмүүсийг авчрах ажлыг бүх талаар хийнэ.
-БНСУ-аас авчрах хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат бий юу?
-Үгүй байхаа. Ж.Мөнхбатын хувьд мөрдөх байгууллагатай холбогдоод хугацаандаа ирж тайлбараа өгнө гэдгээ илэрхийлсэн гэсэн.
-Кёкүшюзан Д.Батбаярын хэргийг шийдвэрлэсэн шүүгчдийг сахилгын хороонд нь шалгуулна гэж та мэдэгдсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ?
-Шүүхийн шийдвэр нь албажиж гараагүй байна. Гарсны дараа энэ асуудлыг тавина. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой асуудал. Бид гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, шударга бизнес хийдэг гэх имижийг эргүүлж авчрахгүй бол цаашид хөрөнгө оруулагчийн орчин хүндэрнэ. Гаднын хөрөнгө оруулагчгүйгээр хөгжсөн орон үгүй. Тиймээс энэ чиглэлд ажиллана. Удахгүй Хюндай эмнэлэгтэй холбоотой шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд болно. Энэ хурлыг бүгд ажиглах байх. Чингэлтэй дүүргийн шүүхэд Английн бизнесмэнтэй холбоотой Макс Жонсоны шүүх хурал болж шийдэгдсэн. Нэмэлт ажиллагаа хийгдэхээр мөрдөн байцаах албанд ирсэн. Энэ хэрэг удахгүй шийдэгдэнэ. Ямартай ч найман хэргээс бусад 40 гаруй хэрэг хуулийн байгууллагад шалгагдаад явж байна.
-Чимгээ, Содномдаржаа нартай холбоотой хэрэг ямар шатандаа явж байгаа бол?
-Мөрдөх байгууллага санал, дүгнэлтээ боловсруулаад прокурорт шилжүүлэх шатандаа явж байгаа гэж ойлгосон.
ҮЗЭХ: