Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг холбогдох байнгын хороогоор хэлэлцэж эхэлсэн.
Энэ үеэр ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Ард иргэдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн албан хаагч нар өвдөгөөсөө дээш хэмжээтэй богино юбкатай гүйгээд байх юм уу. Үс гэзэг, сахал, хумсаа ургуулж будчихаад төрийн үйлчилгээ үзүүлнэ гэх үү. Энэ хэм, хэмжээг тус хуулиар зохицуулж өгнө. Төрийн албан хаагч нь татвар төлөгчийн цалингаар цалинждаг, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх л үүрэгтэй үйлчилгээний ажилтан байх ёстой" гэж хэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, шүүмжлэл дагуулаад байна.
Учир нь Ц.Сандаг-Очир гишүүний хэлсэн энэхүү шаардлага нэг талаараа хүний эрхийн зөрчил үүсгэж болзошгүйн дээр ёс зүйг хуулиар зохицуулах боломжгүй гэдэг ойлголтыг илүү гүнзгийрүүлж өгч байгаа юм.
Тухайлбал, нэр бүхий төрийн албан хаагч бүсгүй манай сайтад хандаж " Бид ч мөн хумсаа будаад, ажилламаар байна. Төрийн албан хаагч гэдэг хүн биш юм шиг ойлголтыг тус хуулиар өгч байна" гэх мэдээллийг өгсөн юм. Энэ талаар бид УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироос тодруулахад тэрбээр доорх тайлбарыг хийлээ.
ВИДЕО:
Тодруулбал, тэрбээр " Эдийн засгийн хэмнэлт талаасаа нийтлэг хувцастай болгоход ч болохгүй зүйлгүй. Та чөлөөтэй байх гээд байгаа бол заавал төрийн албанд ажиллаж эрхээ хязгаарлуулах шаардлагагүй. Манай хуулиар төлөв, даруу, эелдэг, нийтэй бай гэдэг шаардлагыг тавьж байгаа. Тус хуулиар төрийн албан хаагчийн харилцаа хандлага, хувцаслалт гэх мэтэд шаардлага тавина. Энэ нь төрийн албаны нэр хүнд бүх шатанд унасантай холбоотой. Төрийн албанд "улаан шугам" татаж, тэр хэмжээг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг байх асуудлыг ярьж байгаа юм.
Хувцасны хэм, хэмжээг хууль дагасан журмаар зохицуулна. Засгийн газраас журмыг гаргана" гэв.