АУДИТЫН ДҮГНЭЛТ: Эрүүл мэндийг дэмжих сангийн 278 сая төгрөгийг "Ай Ёо" брэндэд, 21 сая төгрөгийг Монголын эмэгтэйчүүдийн холбоонд өгсөн зөрчил илэрчээ

АУДИТЫН ДҮГНЭЛТ: Эрүүл мэндийг дэмжих сангийн 278 сая төгрөгийг "Ай Ёо" брэндэд, 21 сая төгрөгийг Монголын эмэгтэйчүүдийн холбоонд өгсөн зөрчил илэрчээ

Үндэсний аудитын газраас Боловсролын зээлийн сан, Шинжлэх ухаан технологийн сан, Халамжийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Хөдөө аж, ахуйг дэмжих сан, Эрүүл мэндийг дэмжих сан, Байгаль орчин, уур амьсгалын сан, Улсын авто замын сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зэрэг есөн санд аудитын шалтгал хийж дүгнэлтээ танилцуулж, ил болгосон байна. 

Сангуудад хийсэн аудитын шалгалтын дүгнэлтийг isee.mn мэдээллийн сайт цувралаар хүргэх бөгөөд эхний дугаарт Эрүүл мэндийг дэмжих сангийг 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг танилцуулж байна. Үндэсний аудитын газраас тус санд хийсэн шалгалтаар хэд, хэдэн зөрчил илэрснийг арилгуулах шаардлага бичгийг хүргүүлжээ.

-"ЭМ ЭС ЖИ ЭМ ЭЛ" ЗЭРЭГ ЧИГ ҮҮРЭГГҮЙ, ЧИГЛЭЛИЙН БУС ЗУРГААН АЖ, АХУЙ НЭГЖИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АЖИЛ ГҮЙЦЭТГҮҮЛСЭН БАЙНА-

Тухайлбал,  

  • Эрүүл мэндийн сайдын 2022 оны нэгдүгээр тушаалаар Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд 54 сая 376 мянган төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан боловч дээрх санхүүжилтийг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд шилжүүлэн олгосон байна. 
  • Монголын эмэгтэйчүүдийн холбоо Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагатай HOPE нэртэй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх гэрээг байгуулж 21 сая 745 мянган төгрөгийн санхүүжилтийг олгосон боловч гэрээний гүйцэтгэлийн тайланд цахимаар 10.000, танхимаар 700 гаруй хүнд сургалт явуулсныг нотлох анхан шатны баримтгүйгээр ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж акт үйлдсэн байна. 
  • 2021 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний гэрээний үүргээ биелүүлээгүй гүйцэтгэлийн тайланг ирүүлээгүй байхад ЭМС-ын 2022 оны нэгдүгээр тушаалаар Ай-Ёо брендэд 278 сая 800 мянган төгрөг, Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний Их сургууль-Анагаах ухааны хүрээлэнд 28 сая төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 17 сая 934 мянган төгрөгийн төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчээр дахин сонгон шалгаруулж, нийт 325 сая төгрөгийг олгосон байна. 
  • Тайлант онд төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх чиг үүрэггүй, үндсэн болон туслах үйл ажиллагааны чиглэлийн бус 6 ААН /Айёо брэнд-гэр ахуйн цахилгаан бараа худалдаа, Эм Эс Жи Эм Эл ХХК-д гадаад худалдаа, Энх Арслан ХХК-гадаад худалдаа, Цагаантун Эрдэнэ ХХК-худалдааны зуучлал, Поверс Прогрэсс ХХК-гадаад худалдаа, Ходутэ ХХК-цайны газрын үйл ажиллагаа /-г сонгон шалгаруулж, гүйцэтгүүлсэн байна. 

Энэ бүхэн нь Засгийн газраас баталсан журам болон холбогдох хуулийг зөрчиж буйг Үндэсний аудитын газраас анхааруулаал, хуулийн дагуу засч залруулахыг шаарджээ. 

Дэлгэрэнгүйг доорх баримтаас харах...