Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн ангид улсын  цэцэрлэг байгуулжээ

Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн ангид улсын цэцэрлэг байгуулжээ

Баян-Өлгий аймаг дахь Хилийн 0165 дугаар анги стандарт шаардлагад нийцсэн улсын 22 дугаар цэцэрлэгийг ангийн төв, хилийн салбарт байгуулан ажиллаж байна. Хилийн анги дэргэдээ Боловсрол шинжлэх ухааны яамны зөвшөөрөлтэйгөөр улсын дугаартай цэцэрлэгтэй болсон нь орон нутгийн төрийн цэргийн анги байгууллагуудын хувьд анхны гэдгээрээ онцлог юм.

Анх 2018 онд ангийн төв дээр хүүхэд харах үйлчилгээгээр эхлүүлж байсан тус цэцэрлэг өдгөө 24 багш, ажилчидтай ангийн төвд хоёр, хилийн салбарт гурван бүлэг, нийт 126 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тус цэцэрлэгийг байгуулахад ангийн зүгээс цэцэрлэгийн байр, дотор засал, сургалтын материаллаг баазаар хангаж өгчээ. Харин аймгийн боловсролын газраас стандарчлал, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө, багш нарыг мэргэшүүлэх зэрэг боломжит зүйлээр дэмжин тусалсны үндсэн дээр анги ийнхүү дэргэдээ өөрсдийн цэцэрлэгтэй болон өргөжжээ. Мөн цэцэрлэг байгуулагдсанаар алба хаагчдын гэр бүл болон орон нутгийн иргэдийг тодорхой хэмжээгээр ажлын байраар хангасан гээд олон давуу талууд бий болсон байна.

Улсын цэцэрлэг өглөө 08:00 цагт хүүхдүүдээ хүлээн авч, орой 17:30 цагт тардаг. Харин хилийн ангид ажилладаг аав, ээжийн хувьд энэ цагт ажилдаа бэлэн байх, цэргийн хүний үүргийн дагуу бэлэн байдалд ажиллах, илүү цагаар үүрэг гүйцэтгэх тохиолдол багагүй гарна. Тиймээс цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс хилчин аав, ээжийн онцлогийг мэддэгийн хувьд цэцэрлэг ажиллах цагийн хуваарийг уян хатан байлгах тал дээр ихээхэн анхаарч ажилладаг байна.

Ангийн дэргэдэх Өлгий сумын 22 дугаар цэцэрлэгийн хувьд ангийн байрлал дотор хоёр өрөөг тохижуулан үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс үйл ажиллагаагаа өргөжүүлж бүлэг нэмэх, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа орон нутгийн бусад хүүхдүүдийг хамруулах зорилгоор Боловсрол шинжлэх ухааны яаманд цэцэрлэгийн стандарт шаардлага нийцсэн барилга бариулах хүсэлтээ илгээгээд байгаа ажээ. Харин ангийн зүгээс цэцэрлэг барих газар болон бусад зүйлээр дэмжин туслахад бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа юм.

ҮЗЭХ:




Улаанбаатарт 24 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө