Өнгөрсөн долоо хоногийн /2023.04.03/ МАН-ын хуралдаанаар хэд, хэдэн асуудал хэлэлцсэний дотор "Бусдын бизнесийг хүч хэрэглэн хууль бусаар дээрэмдэж буй рецидивүүдийн үйлдлийг яаралтай таслан зогсоох үүргийг Засгийн газарт өгсөн" тухай байлаа.
Өнгөрсөн сарын сүүлээр Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийж "Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж компани болон бизнесийг нь дээрэмдсэн бүлэг этгээдүүдийг баривчиллаа" гэж мэдэгдсэн. Тус дээрэмчид нь нэгэн компанийн захирлыг заналхийлж 10 сая төгрөг шилжүүлж авсан, Лексус 570 маркийн машиныг нь дээрэмдсэн мөн өөр иргэнийг буудалд хүчээр авчирч хүчиндэн, зодож эд хөрөнгийг нь бусдад шилжүүлэхийг шаардсан, бусдын уурхайг заналхийлж авахаар ажилласан зэрэг нь хуулийн байгууллагын шалгалгалтаар тогтоогдсон байгаа юм. Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг бүх бүлэглэлтэй тэмцэж, тэдний үйлдлийг яаралтай таслан зогсоох үүргийг МАН-ын бүлгээс Засгийн газарт өгсөн нь энэ юм. Тэгвэл МАН-ын бүлгийн өчигдрийн /2023.04.10/ ээлжит хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар оролцож, дээрх асуудлаар мэдээлэл өгчээ.
Тэрбээр бүлэглэж дээрэм хийдэг 30 хүнийг баривчилсан өнөөдөр /өчигдөр/ таван хүнийг нэмж баривчилна. Энэ 35 хүн дээр нэмж дахин таван хүн баривчлахаар төлөвлөсөн гэжээ. Мөн нэгэнтээ олгогдсон лицензтэй, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг уурхайд дээрэм хийх, бусдын бизнесийг дарамталж авах зэргийг хориглосон харилцааг Эрүүгийн хуулиар шийддэг болно гэжээ.
Харин МАН-ын бүлгийн гишүүд “Бид нар гадны хөрөнгө оруулагчдаа бүгдийг нь хөөгөөд гаргачихсан. Одоо дотооддоо ийм үйлдэл гаргаж болохгүй. Тиймээс даруй арга хэмжээ авах нь зүйтэй” гэжээ.