УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байна гээд УИХ-ын гишүүн Мөнцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг хоёр жил гаруй хугацаанд “Улс төрийн намын тухай хуулийн төсөл”-ийг боловсруулж улс төрийн намууд, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудыг оролцуулсан цуврал хэлэлцүүлэг явуулж санал авсан тухай онцолжээ. УИХ-ын дарга үргэлжлүүлэн “Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн төсөл”-ийг боловсруулахдаа ардчилсан улс орнуудад тавигддаг нийтлэг гол шалгуурыг хангахыг зорьсон байна. Мөн төрөөс намуудад үзүүлдэг дэмжлэг, санхүүжилтийг ил тод болгох, бодлогын намыг төлөвшүүлэх, жендерийн болон нийгмийн бүлгүүдийн төлөөллийг тэнцвэртэй хангах зэрэг зохицуулалтыг тусгасан гэлээ. Монголын ардчиллыг бэхжүүлэх улс төрийн намын тогтолцооны шинэчлэлийг хийхэд дэлхийн ардчиллын гол байгууллага болох “Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага”, “Венецийн комисс”, “Ардчилал сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн”, “НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр” зэрэг байгууллагуудын дэмжлэг, санал, зөвлөмж чухал ач холбогдолтой болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байлаа.

Харин хатагтай Иейн М.Конкиевич цаг гарган хүлээн авч уулзаж байгаа УИХ-ын даргад талархал илэрхийлээд, шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах “Амлалт” олон улсын форумыг товч танилцуулсан юм. Тус форумыг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Коёко”-той хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа бөгөөд олон улсын зургаан эксперт оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Тэрбээр шийдвэр гаргах түвшинд тэр дундаа парламент дахь эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх нь чухлыг онцлоод УИХ-ын даргын хувьд шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.