Энэ долоо хоногийн даваа гарагийн /2023.04.03/ МАН-ын хуралдаанаар хэд, хэдэн асуудал хэлэлцсэний дотор "Бусдын бизнесийг хүч хэрэглэн хууль бусаар дээрэмдэж буй рецидивүүдийн үйлдлийг яаралтай таслан зогсоох үүргийг Засгийн газарт өгсөн" тухай байлаа.
Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийж "Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж компани болон бизнесийг нь дээрэмдсэн бүлэг этгээдүүдийг баривчиллаа" гэж мэдэгдсэн. Тус дээрэмчид нь нэгэн компанийн захирлыг заналхийлж 10 сая төгрөг шилжүүлж авсан, Лексус 570 маркийн машиныг нь дээрэмдсэн мөн өөр иргэнийг буудалд хүчээр авчирч хүчиндэн, зодож эд хөрөнгийг нь бусдад шилжүүлэхийг шаардсан, бусдын уурхайг заналхийлж авахаар ажилласан зэрэг нь хуулийн байгууллагын шалгалгалтаар тогтоогдсон байгаа юм. Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг бүх бүлэглэлтэй тэмцэж, тэдний үйлдлийг яаралтай таслан зогсоох үүргийг МАН-ын бүлгээс Засгийн газарт өгөөд байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ долоо хоногийн даваа гарагийн бүлгийн хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар оролцоогүй аж. Тиймээс ирэх долоо хоногийн бүлгийн хуралд рецидивүүдийн үйлдлийг яаж таслан зогсоох, хэрхэн ажиллахаа гишүүддээ танилцуулахаар болжээ.
МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд чөлөөт зах, зээл хөгжсөн хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан улсад ийм төрлийн гэмт хэрэг гарч үүнд арга хэмжээ авахгүй байх нь байж боломгүй зүйл. Хуультай оронд ийм үйлдэл хэзээ ч гарч болохгүй. 1990 он руугаа буцаж байна. Тэгэхээр уг үйлдэлтэй тэмцэж, яаралтай арга хэмжээ авах ёстой гэх байр, суурийг илэрхийлжээ.