Манай улсад “Тик ток” хэрэглэгчид олон байдаг. Фейсбүүк аппликейшн “Тик ток”-той ижил “Рээл”-тэй болсноор хэрэглэгчид хоёр платформыг хамтад нь ашиглах болсон. Иймд бид энэ удаа “Тик ток”, “Рээл” бичлэг хийж, энэ төрлийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг Г.Тэргэлтэй уулзаж ярилцлаа.
ВИДЕО:
Тэрбээр МУИС-ийн Бизнесийн сургуульд “Нягтлан бодох бүртгэл”-ийн ангид суралцдаг. Анх 2022 оноос “Тик ток”, “Рээл” хийж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар хандалт сайтай хэрэглэгчдийн нэг билээ. Анимэ, косплей хийж буй охидуудаас анх бичлэг хийх санаагаа олж байжээ.
Бичлэг хийхдээ “Хүмүүст таалагдаасай” гэж бодон хөгжилтэй байхыг хичээдэг. Түүний хувьд бичлэг дээрх хүмүүсийн сэтгэгдэлд анхаарал хандуулахгүй байхыг хичээдэг гэсэн юм. Учир нь дэмжсэн эерэг сэтгэгдэл байдаг хэдий ч сөрөг сэтгэгдэл цөөнгүй байдаг. Мөн сэтгэгдэлд анхаарал хандуулбал ахин бичлэг хийхээ болих хүртэл нөлөөлж магадгүй аж. Нийтэлсэн бичлэгийг хажууд нь хэн нэгэн үзэж байгаа тохиолдолд ичиж, солимоор санагддаг тухайгаа хуваалцсан юм. Бичлэгтээ эмэгтэйлэг харагддаг ч амьдрал дээр эршүүд охин аж.
Түүний аав, ээж "Олон хүн харж байгаа ямар нэгэн буруу бодолтой хүнтэй таарч янз бүрийн юм болчих вий дээ” гэж боддог болохоор эсэргүүцдэг байна. Аав, ээжийнхээ сэтгэлийг ойлгодог ч “Би өөрөө бичлэг хийх дуртай болохоор аав, ээжээсээ зөрөөд хийдэг” гэсэн юм.
Хүмүүс түүний бичлэг дээр “Будаг”, “Наадах чинь будаг, будаг”, “Аа, юм хийлгэчихсэн байх”, “Фильтр, фильтр” гэх мэт сэтгэгдлийг түгээмэл бичдэг аж. Харин тэрбээр “Би нүүрээ будаж, фильтр ашиглаж хөөрхөн болж чадаж байна. Хүмүүст гоё бичлэг үзүүлэхийн тулд энэ бүхнийг ашигладаг шүү дээ” гэсэн юм.
Бичлэг хийхэд хөгжилтэй зүйл нь сэтгэгдэл унших байдаг. “Чамайг авч сууна даа” гэсэн утга бүхий сэтгэгдлийг хүмүүс их бичдэг аж.
“Тик ток”, “Рээл” хийдэг хандалт өндөр хүмүүс мэргэжлийн камер, эвлүүлэгч, хамтрагч байгууллага байдаг. Харин Г.Тэргэлд эдгээр зүйлс байхгүй учир утсан дээрээ бүгдийг нь хийдэг байна.
Гадаадын “Тик ток” хэрэглэгчид шиг задгай хувцаслалттай, секси байдлаар бичлэг хиймээр санагддаг. Гэвч монголчуудын дийлэнх нь сөрөг хандлагатай хүлээж авдаг байна. Хүмүүс үзэх дургүй хэдий ч түүний хийсэн бичлэгүүдээс задгай хувцасласан секси төрлийн бичлэг нь хамгийн их буюу нэг сая 500 гаруй мянган үзэлттэй байжээ.Тухайн бичлэгийг хийхдээ horny, +18 сурталчлах гэж биш гоё санагддаг тул хийж байсан “Би залуу нас, чихэрлэг үе дээрээ байгаа.Тэр чихрээ амтлаад, мэдрээд байвал гоё” хэмээсэн юм.
Манай улсад “Тик ток” хандалт их хүмүүс influencer болох, албан байгууллагын сурталчилгаа хийх нь элбэг байдаг. Харин Г.Тэргэл “Тик ток бичлэг нь хандалт аваад, хүмүүс үзсэн л биз. Тэглээ гээд би influencer болчихгүй шүү дээ” гэсэн юм.
“Надтай адил бичлэг хийх сонирхолтой хүүхдүүд зөндөө байдаг. Юу ч хамаагүй хийгээд л бай. Юу ч хамаагүй гэдэг нь тасралтгүй бичлэг оруулаад бай гэсэн үг. Тасралтгүй оруулаад, үзээд байхаар өөрөө суралцдаг. Хүүхдүүд нэг бичлэг оруулаад тэр нь хандалт авахгүй байхаар шантарчихдаг. Олон бичлэг оруулаад байвал нэг нь гэнэт хандалт аваад ороод ирнэ. Өөрсдийнхөө хамгийн сайн чаддаг зүйлээрээ хий. Битгий шантраарай янз бүрийн зүйлийг туршиж үзээрэй” хэмээн бичлэг хийхийг хүсдэг хүмүүст хандан зөвлөгөө өгсөн юм.