Өнөөдөр /2023.04.06/ Сүхбаатарын талбайд бүх шатны боловсролын байгууллагын ажилчдын төлөөлөл эсэргүүцлийн жагсаал хийж байна. Боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллаж буй ажилчдын цалинг дөрөвдүгээр сарын 01-ны өдрөөс тооцож цалинг 50 хувиар нэмэгдүүлэх болон бусад шаардлагыг тавьж буй талаар бид мэдээлсэн.
Тэгвэл жагсагчдын шаардлагын хариуд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Багш нарын цалинг 30 хувиар нэмэгдүүлэх гэрээний үүргээ БШУЯ биелүүлсэн байхад хамт гэрээ хийсэн нэг тал дахиад нэмүүлье гэж жагсаал зохион байгуулах нь зохисгүй” гэсэн харуй мэдэгдэл хийлээ.
Тэрбээр "Багш нарын цалин нэмэгдээгүй гэх ойлголт байхгүй. Боловсролын салбарын цалин 30 хувь нэмэгдээд байхад бусад салбарынхан энэ талаар юм ярихгүй байхад багш нар цалингаа дахин нэмүүлэх гэдэг нь буруу. Засгийн газар, БШУЯ, Үйлдвэрчний эвлэл харилцан гурван талт гэрээ хийсэн, яамны зүгээс гэрээний үүргээ биелүүлсэн. Одоо багш нар багадаа 1 сая 5000 төгрөг, дээд тал нь 2 сая 800 мянган төгрөгийн цалин авч байна. Мөн ажилласан жил, зэргээсээ хамаараад үр дүнгийн урамшуулал, нэмэгдэл авч байгаа. Бид боломжоор нь хангасан багш нар илүү цалин авахын тулд тэмүүлэх ёстой” гэв.