ЗОХИОЛЧ Х.БОЛОР-ЭРДЭНЭ: Намайг мэдэхгүй олон хүн байдаг. Тэр хүмүүст хэлэхэд мэдүүлээгүйд минь уучлаарай /ВИДЕО/

ЗОХИОЛЧ Х.БОЛОР-ЭРДЭНЭ: Намайг мэдэхгүй олон хүн байдаг. Тэр хүмүүст хэлэхэд мэдүүлээгүйд минь уучлаарай /ВИДЕО/

Олон улсын худалдааны сайт болох “Amazon.com”-д өөрийн роман, зохиолыг Монгол хэлээр буюу крилл үсгээр худалдаанд гаргасан анхны зохиолч Х.Болор-Эрдэнэтэй ярилцлаа. Түүний номууд сүүлийн дөрвөн сарын турш Amazon сайтын “Шилдэг борлуулалттай ном”-ын жагсаалтад байсаар байна. Тэрбээр зохиолч болсон цагаасаа хойш өөрийн уран бүтээлийг олонд таниулах зорилготойгоор ажиллаж байсан бөгөөд телевиз, радиогоор гарч өөрөө сурталчилгаа хийх тун дургүй гэдгээ онцолсон юм.

ВИДЕО:

-Сайн байна уу. Юун түрүүнд та манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Сайн байна уу. Намайг Х.Болор-Эрдэнэ гэдэг. Франц улсад гэр бүлийнхэнтэйгээ ажиллаж, амьдардаг сэтгүүлч, утга зохиолын ажилтан мэргэжилтэй хүн байна. Чөлөөт уран бүтээлч эмэгтэй юм уу даа. 

Таны ном, роман, туужууд сүүлийн үед “Best seller” буюу “Шилдэг борлуулалттай ном” жагсаалтад ороод байна. Уг жагсаалтад ямар номууд нь орсон бэ?

2022 оны арваннэгдүгээр сард “Үлгэр дуустал хайрлана” роман маань худалдаанд гараад өнөөдрийг хүртэл “Шилдэг борлуулалттай ном”-ын жагсаалтад амжилттай явж байна. Хүмүүс намайг “Гуйж яваа эмэгтэй” романаар маань мэддэг. Хүмүүсийн сайн мэддэг болсон номуудаас дурдвал “Хишигт” дурсамжит тууж маань дунд сургуулийн хүүхэд болгоны уншсан, унших дуртай ном болсон. Энэ ном маань Франц хэлээр хэвлэгдэж, Франц хэлтэй дэлхийн 16 орны худалдааны бүхий л сүлжээгээр дамжин худалдагдсан. Тав дахь удаагийн хэвлэлт нь ч мөн шилдэг борлуулалттай номын жагсаалтад орсон. 

Та дууны шүлэг бичдэг. Нэлээн хит дуутай шүү дээ. Сүүлд дууны төрлийн ямар уран бүтээл дээр ажилласан бэ?

Дууны уран бүтээлийн тухайд хамгийн сүүлд дуучин Б.Баярцэцэгтэй “Тань руу нүүж явна” хэмээх З.Хангал гуайн гайхалтай сайхан аялгуу дээр дуу хийсэн. Дуу маань өнөөдөр амжилттай дуулагдаж байна. Мөн “Намайг зур” минь сонсогчдын таалан сонсдог дуу болжээ. Ер нь тухайн цаг үедээ байр суурь эзэлж байсан уран бүтээл их. Өнөөдрийг хүртэл олон хүн дуунуудыг маань аялчихсан явж байхтай таарсан. Би өөрөө хүртэл анзаардаггүй. Хүн хэлэхгүй л бол “Өө энэ чинь нээрээ миний дуу билүү” гэдгийг мартчихсан сууж байдаг.

Дууны уран бүтээл дээр ямар уран бүтээлчидтэй хамтарч байсан бэ?

Дуучин Т.Ариунаа, Хөгжмийн зохиолч, МУУГЗ Л.Балхжав ах, МУСГЗ Г.Пүрэвдорж ах, Т.Сэр-Од, МУУГЗ Б.Бямбабаяр, ая зохиогч Т.Пүрэвсүх гэх мэт. Дуунууд нь амжилт олж хит болсон, Энэ сайхан уран бүтээлчидтэй маш олон жүжиг, киноны болон поп төрлийн дуун дээр ажилласаар ирсэн. Т.Ариунаа бид хоёр 5-6 дуутай бол Б.Баярцэцэг бид хоёр 7-8 дуутай. Өнөөдрийн урлаг соёлын "гал цогтой" уран бүтээлчидтэй хамтарсан. Дуучин П.Идэржавхлан, Б.Маралжингоо, Ч.Цэлмүүн, Б.Сарантуяа гэх мэт уран бүтээлчид миний шүлгээс бүтсэн дууг дуулж амжилт олсонд баяртай байдаг. 

Дууны шүлэг бичих танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

Анх ажил гэж боддог байсан. Тухайн үедээ бас мэдрэмжээс гадна миний сонирхол нөлөөлж байсан. Учир нь би рок, попын ертөнцөд сонирхолтой. Ярилцлага хийгээгүй, уулзаж үзээгүй уран бүтээлч байхгүй дээ. “Үл таних эмэгтэй”, “Би эр хүнд хайртай” жүжгийн дуу, Б.Баярцэцэгийн “Намайг хүлээсэн эх орон”, “Намайг зур”, “Дурласан цас” гэх мэт маш олон дуу байна. 

Таны бичсэн хэд, хэдэн кино зохиол байдаг шүү дээ. Анхны кино зохиол тань юу вэ.  Мөн зохиолоо кино болгож байсан түүхээ хуваалцаж болох уу?

За,  хамгийн анх “Би чамд хайртай-2”  уран сайхны киноны зохиолыг бичиж байсан. Энэ киног монголчууд  сайн мэднэ. “Би чамд хайртай-2” киног гарахаас өмнө би “20 жилийн дараа” нэртэй “Би чамд хайртай киноны 20 жилийн дараах хувилбар ямар байх вэ” гээд өөрийнхөө хувилбарыг 2010 онд “Монголчуудын амьдрал” сонинд цувралаар хэвлүүлээд гаргаж байсан. Үүнээс гурван жилийн дараа “Би чамд хайртай-2” УСК гарахаар болоод зохиолыг нь бичих санал ирсэн. Ингээд миний анхны кино зохиол болсон.

“Amazon.com” буюу олон улсын цахим худалдааны платпорм болох “Амазон”  сайт дээр Монгол хэлээр, крилл үсгээр өөрийн бүтээлээ борлуулж буй анхны уран бүтээлч болсон гэж сонссон. Хэрхэн тус сайт дээр бүтээлээ оруулсан бэ?

Миний “Хишигт” түүвэр маань хамгийн анх Франц хэл дээр хэвлэгдсэн.  Францын “Les trois colonnes” гээд хэвлэлийн газраас Хишигтийг хэвлүүлэх санал ирсний дагуу Франц хэл дээрх “Хишигт” түүврээ 2017 онд Амазон дээр худалдаанд гаргасан. Гэрээ байгуулсны дараа Ковид-19 гарсан. Хоёр жилийн хугацаанд борлуулалт зогсонги байдалд орох  үед хэвлэлийн газартай хийсэн гэрээний хугацаа дуусаад гэрээг сунгах санал ирэхэд миний хувьд татгалзсан. Учир нь миний Амазон дээрх зохиогчийн хаяг нээгдсэн. Амазон манай крилл үсгийг дэмждэггүй байсан тул  хоёр жилийн турш захиа бичиж,  цахим зарга үүсгэж олон удаагийн бүтэлгүй оролдлогын дараа өнгөрсөн жилээс эхлээд миний хаяг албан ёсоор нээгдээд тэндээ Монгол хэл дээр байгаа бүх бүтээлүүдээ гаргаж эхэлсэн.

Амазон дээр манай улсын зохиолчдоос одоогоор зөвхөн та зохиолоо оруулж байна. Үүнээс хойш бусад зохиолчдыг нэгтгэх бодол байгаа юу?

Одоо хаягаа нээсэн учир монголын зохиолчдын бүтээлийг цаасан хувилбараар нь шууд хэвлэж унших боломжийг уншигчдад олгох ажлаа эхлүүлсэн. Эхний зохиолчдын бүтээлийг тавьж эхэлсэн. Эхний ээлжинд  өөрийнхөө бүтээлүүдийг цаасаар хэвлээд авах боломжтой байдлаар криллээр оруулж өгсөн. Мөн гадаад хэл дээр хэвлэгдэж байгаа өөрийнхөө бүтээлүүдийг цувралаар тавьж эхэлсэн байгаа.

Хилийн чандад байх монголчууд маань таны номыг авч уншъя гэвэл амазон дотроос яаж хайх вэ?

Одоо маш энгийн болсон. Дэлхийн хаана ч байсан та амазон сайт руу нэвтэрч чадаж байвал криллээр бичээд “Монгол ном” эсвэл “Болор-Эрдэнэ” гээд хайхад миний бүх бүтээл нээлттэй байгаа.

Амазон сайт дээр бүтээлүүдээ тавьж эхэлснээс хойш мөн л “best seller” буу “шилдэг борлуулалттай ном”-ын жагсалтад багтаж чадсан. Аль ном нь шилдэг борлуулалттай ном болсон бэ?

Тус сайтынх нь шилдэг борлуулалт гэдэг нь манай номын дэлгүүрүүдээр зарагдаж байгаагаас өөр байдаг. Бүсчилж хуваагаад бүсээр нь жагсаадаг байгаа. АНУ, Европын бүсчлэл дээр миний ном “best seller” жагсаалтад сүүлийн 4 сарын хугацаанд, ялангуяа миний шинэ романууд “Үлгэр дуустал хайрлана”, “Гүйж яваа эмэгтэй”, “Хишигт” тууж маань өндөр үнэлгээтэй байгаа.

Удахгүй бас Швейцар улсад таны зохиолоор уран сайхны кино нээлтээ хийх гэж байгаа гэсэн. Уг кино хэзээ нээлтээ хийх вэ?

Кино маань энэ сарын сүүлээр нээлтээ хийнэ гэж байсан. Хэрэв хойшлогдсон бол гуравдугаар сард нээлтээ хийнэ байх. Нээлтээ хийгээд зөвхөн Швейцарын кино театраар гарна. Хоёр жилийн өмнө Швейцарын уран бүтээлчид миний зохиолоор кино хийе гэдэг саналыг тавьсан. Тэрийг маань Швейцарт амьдардаг найруулагч, орчуулагч, продюсер Urantuya Shaikh Enkhtuya гээд монгол бүсгүй орчуулсан.  Миний “Толь” гээд швейцар эмэгтэйн тухай, тэр эмэгтэйн хайр сэтгэлийн тухай бичсэн зохиол байгаа. Тэр зохиолоор бүтээсэн кино юм. Нээлтээ хийх үед нь уншигчдадаа мэдэгдээд явна.

 Мөн дараагийн кино зохиолын санал ирчихсэн байгаа. Энэ 2023 онд зураг авалтандаа орно. Уран зөгнөлт кино юм. Төлөвлөгөө гарчихсан, эхний хар зургууд гарчихсан. Миний “Худалдаа” гээд богино өгүүллэг байдаг. Уншигчид маань сайн мэдэх байх. “Худалдаа” гээд өгүүллэг маань уран сайхны кино болох ийм сайхан баяртай мэдээтэй байна.

Таны хувьд нийгмээс сөрөг зүйлс хүлээж авч байсан уу? 

Сүүлийн үед надад их ирж буй хандлага бол “Чиний царайг хараагүй юм байна. Таних ч үгүй юм байна. Нэрийг чинь ч сонсоогүй юм байна. Чи хэн юм” юм. Намайг мэдэхгүй олон хүн байгаа нь тодорхой. Тэр хүмүүсийн буруу биш. Гэхдээ би хүн бүхний амьдралд байсан. Айл болгоны амьдралд ороод л гарсан. Миний бүтээлүүд, миний дуунуудыг аль нэг хэмжээнд уншиж, сонсож тайтгарал, таашаал авсан байгаа. Кинонуудыг маань үзсэн байгаа. Бүр болъё зурагтаараа үздэг клип, рекламуудын зохиолыг би бичсэн байгаа. Тийм учраас би зогсолтгүй бичиж ирсэн. Тэгэхээр тэр мэдэхгүй байгаа хүмүүст хандаж хэлэхэд “Мэдүүлээгүйд минь уучлаарай”. Миний хувьд уран бүтээлээ хүнд хүргэж байвал би өөрөө танигдах нь чухал биш. Өөрийгөө харуулъя, энэ тэнд зураг наагаад, сонин хэвлэл, айл гэрийн хойморт гарч аяга хоол идэх хооронд нь телевизээр нь олон юм яриад байх сонирхолгүй байсан учраас магадгүй маш олон хүн намайг мэдэхгүй ээ.

Зохиолч болох хүсэлтэй, мөрөөдөлтэй хаанаас, юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа залуучуудад зөвлөгөө өгч болох уу?

Нэгдүгээрт тэмдэглэл сайн бич. Хоёрдугаарт өөрийгөө сайн сонс. Гуравдугаарт бичих сонирхол чинь өндөр байвал түүнийгээ битгий хориорой. Би залуучуудад ийм зөвлөгөө өгмөөр байна.




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө