Энэ сарын 01-нээс хөрөнгийн үнэлгээний тухай шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлж байгаа билээ. ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монголын банкуудад хөрөнгийн үнэлгээ хийхэд тус хуулийг шинэчилж найруулах шаардлагатай байсан. Хууль эрх зүйн орчин болон, хөрөнгийн үнэлгээчдийн эрх ашиг, үүрэг хариуцлагыг сайжруулах хууль эрх зүйн орчныг тодорхой болгох хэрэгцээ шаардлага үүдээд байна.
Тус асуудлаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өнөөдөр /2023.01.10/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Бид зөвшөөрлийн тухай хууль болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд төр олон зөвшөөрөл олгодгийг болих, мэргэжлийн холбоодуудыг чадваржиж, ёс зүйд хяналт тавьдаг байх тогтолцоог бий болгох санал оруулсан. -Өмнө нь захиалагч, хөрөнгийн үнэлгээчин гэсэн хоёр тал л байсан. Одоо үнэлгээний хуулийн этгээд, үнэлгээчин, гуравдагч этгээдүүд, захиалагч, үйлчлүүлэгч, төрийн холбогдох байгууллагууд зэрэг оролцогч талуудыг хуульд тусгаж өгсөн байгаа. -Тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор бид хөрөнгийн үнэлгээчин гэх эрхийг хувь хүнд олгоё гэсэн шийдвэрт хүрсэн. Цаашид хөрөнгийн үнэлгээчдийг илүү нарийн мэргэжлийн түвшинд очих ёстой гэж үзэж байна. Оюуны өмчийн, уул уурхайн , хохирлын чиглэлийн хөрөнгийн үнэлгээчин зэрэг. -Хуулийн этгээд гэдэг нь дор хаяж хоёр хөрөнгийн үнэлгээчинтэй байж хуулийн этгээд болох ёстой. Хуулийн этгээд илүү их хуулийн хариуцлага хүлээнэ, мэргэжлийн даатгалд хамрагдана, олон нийтийн эрх ашгийг хөндсөн хөрөнгийн үнэлгээнүүдийг хийдэг болох. -Олон нийтийн эрх ашгийг хөндсөн үнэлгээг үнэлгээний хуулийн этгээд гүйцэтгэнэ. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгийг хувьчлах, үл хөдлөх хөрөнгийг худалдахад төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулахад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хувьцааг нийтэд санал болгон гаргах гэх мэтчилэн. Эдгээр тохиолдолд заавал хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ. -Нийтдээ 200 гаруй хөрөнгийн үнэлгээчин байгаа гэсэн тоо байгаа ч хуульд заагдсан шаардлагуудыг тавивал маш цөөхөн. Одоогоор банк болгон өөрийн гэсэн хөрөнгийн үнэлгээ хийдэг журамтай. Үүнийг санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу сангийн яам холбогдох байгууллагуудтай хамтран аргачлалыг батална. Нэгдсэн аргачлалаар бүх банкууд хөрөнгийн үнэлгээг хийж эхэлбэл их бага, янз бүр үнэлдэг тохиолдол багасна. Жишээ нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, оюуны өмчийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ашигт малтмалыг уул уурхайн асуудал эрхэлсэн төв байгууллагатай гэх зэрэг. Хөрөнгийн үнэлгээ хийлгэх шаардлагатай асуудал болгон тухайн төрийн байгууллагатай хамтран тус аргачлалыг батална гэдгийг хуульд тусгасан” гэв.
А.Сүнчигмаа