“Нүүрсний” гэх хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга мэдүүлэг өгөх явцдаа БНСУ руу явсан ч эргэж ирээгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга БНСУ-аас Сингапур руу явсан гэх мэдээлэл байгаа юм. Тодруулбал, тэрбээр төрийн хамгаалалтаа Солонгост үлдээгээд өөрөө Сингапур руу явсан бөгөөд зарим хүмүүсээ тус улсад дуудан уулзаж буй гэх мэдээлэл бий.
Тэгвэл МАН-ын бүлгийн өнөөдрийн /2023.01.09/ хуралдаанаар оффтейк гэрээгээр баригдсан төмөр замуудын ажлын явц, үр дүнтэй холбоотой асуудал болоод санхүүжилтийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нарын мэдээллийг сонсох үеэр УИХ-ын зарим гишүүд асуулт, асууж "Төмөр замаас хулгай хийсэн хулгайчаа алдчихсан. Х.Баттулга гэж хулгайчаа олж ир" хэмээн бухимджээ. Х.Баттулга нь Ерөнхийлөгч байхдаа Зүүнбаян, Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг оффтейк гэрээгээр барих Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг гаргаж улмаар "Бодь" группт гүйцэтгэх ажлын эрхийг олгосон гэх хардлага бий билээ.