ВИДЕО: Жагсагчид СТӨ-ний эд хогшлыг эвдэж, архидан согтуурч танхайрсаар байна

ВИДЕО: Жагсагчид СТӨ-ний эд хогшлыг эвдэж, архидан согтуурч танхайрсаар байна

“Нүүрсний хулгай”-д нэр холбогдсон улстөрчид болон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал 25 дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Жагсаалын 10 дахь өдрөөс зарим жагсагч гадаа хонож эхэлсний улмаас Хотын дарга Д.Сумъяабазар дөрвөн гэрийг Сүхбаатарын талбайд барих зөвшөөрлийг олгож улмаар эрүүл мэндийн үзлэгт хамрагдах, дулаацах зориулалтаар хоёр автобусыг бэлдэж өгсөн. Үүнээс 10 орчим хоногийн дараа жагсагчдын эрүүл мэндэд сөрөг үр дагавар гарч эрсдэл учирч болзошгүй гэх шалтгаанаар гэрүүдийг буулгаж, жагсаалыг албадан тараасан билээ.

ВИДЕО: 

Ингэсэн ч жагсагчид жагсаалыг зогсоохгүй гэдгээ мэдэгдэж Соёлын төв өргөөг нээж өгөхийг шаардсан. Шаардлагын дагуу Хотын дарга Д.Сумъяабазараас чиглэл өгч Соёлын төв өргөөг жагсагчдад нээж өгч, нэг өрөөнд нь байрлахыг зөвшөөрсөн байдаг. Тодруулбал, энэ сарын 20-ны өдрөөс хойш 60 гаруй иргэн өдөр бүр жагсаж буй бөгөөд өдөрт Соёлын төв өргөө рүү орж дулаацахын зэрэгцээ хонож байгаа юм. Гэтэл эдгээр жагсагч тус байгууллагын сандлыг эвдэж, обойг урж, эд хогшлийг эвдэж сүйтгэхийн зэрэгцээ орой үдшийн цагаар архидаж, ажилчдыг нь хэл амаар доромжлох, 00-ийг маш бохир ашиглаж хүндрэл учруулж эхэлсэн талаар Соёлын төв өргөөний хүний нөөцийн ажилтан Э.Энхжаргал хэллээ.

-МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧЛЭГ НАРЫГ "ЦҮНХ БАРИГЧ", "УЛНЫ АВГАЙ" ГЭЖ ДОРОМЖИЛДОГ-

Тэрбээр хэлэхдээ “Нөхцөл байдал хүндэрч манай байгууллагыг үнэхээр хүндрүүлж байна. Өдөрт 60-70 хүн орж, гарч байгаа. Харин 20 орчим хүн хонож байна. Өчигдөр долоон хүн хоносон. Үнэр бол орчныг үнэхээр бохирдуулж байгаа. Шавар, шавхай бол дийлдэхээ байсан. Тэр бүү хэл манай ажилтнуудыг “Цүнх баригч”, “Улны авгай” зэргээр доромжилдог. Манайх соёл урлагийн газар. Бид орлогоо олж нийслэлд төсөв бүрдүүлдэг. Манай байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэмээр байна. Бидний хувьд иргэний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг дэмжиж байгаа. Гэхдээ Соёлын төв өргөөг бохирдуулж ажилчдын ачааллыг нэмж байна. Ачаалалтай ажилласнаас болж манай ажилчид ажлаасаа гарах өргөдлөө өгч эхэлж байна, бие нь өвдөж байна. Ханын обойг урж, эд хогшлыг эвддэг. Ариун цэврийн өрөөг маш бохир ашигладаг. Өнөөдөр /2022.12.28/ манай байгууллага арга хэмжээтэй учраас өрөөг нь ариутгаж цэвэрлээд агааржуулалт хийгээд байгаа нь энэ юм. Архидан согтуурсан бүртгэл нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн” гэсэн юм.

Манай сурвалжлах багийг очиход СТӨ-нд эрүүл мэндийн салбарынхан баярын арга хэмжээтэй байв. Тиймээс тус байгууллагын ажилчид жагсагчдын байрлаж буй өрөөг цэвэрлэж, агааржуулж, ариутгасан байлаа. Жагсагчид нэг давхрын "Жүжигчдийн өрөө" нэртэй 20 метр хүрэхгүй өрөөнд хоноглож буй аж. Харин хонохдоо усны саванд архи хийж гаднаас оруулж ирж уух улмаар танхайрах тус байгууллагыг бохирдуулах зэргээр авирлаж байгаа аж.