Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулна

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулна

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоолоор төрийн хэд хэдэн байгууллагын үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх боломжийг бүрдүүлж өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 6 үйлчилгээний төвд нийслэлийн нутгийн захиргааны 12 байгууллагын 186 албан хаагч, Засгийн газрын харьяа 8 байгууллагын 19 албан хаагч нийт 205 албан хаагч 448 нэр төрлийн үйлчилгээг, 21 аймгийн төвд Засгийн газрын харьяа байгууллагын орон нутаг дахь салбар, нэгжийн 24 байгууллагын 179 албан хаагч нэг аймгийн хэмжээнд дунджаар 61 төрлийн үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлж байна.

Дээрх нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн зохион байгуулалтыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцаж орон нутгийн төсвөөс санхүүждэг, мөн босоо тогтолцоотой байгууллага ажилтнаа шууд томилдгоос шалтгаалж хүн, хуулийн этгээд төрийн үйлчилгээг нэг цэгээс биш олон цонх дамжиж авдаг нь нэг цонхны үйлчилгээний үндсэн үзэл санаа, зарчмыг алдагдуулж, нэг дор төвлөрсөн олон байгууллагын үйлчилгээ үзүүлж ирсэн.

Тиймээс Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг байгуулж, орон тооны дээд хязгаарыг 174 байхаар тогтоолоо. Мөн Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоолоор аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний нэгдсэн төвүүдийн чиг үүрэгтэй төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын чиг үүргийг давхардуулахгүй байх үүднээс “Нийтийн мэдээллийн дэд бүтэцтэй холбогдон төрийн үйлчилгээг үзүүлэхэд нийслэл, орон нутгийн “Үйлчилгээний нэгдсэн төв”-ийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг батлах, мөрдүүлэх, орон нутагт төрийн байгууллагын үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа аймаг тус бүр 5 албан хаагч, нийт 105 албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахаар тооцлоо.

Нийслэлийн алслагдсан бүс, хүн амын төвлөрөл ихтэй болон томоохон үйлчилгээний төвийг түшиглэн  төрийн үйлчилгээний цэгийг шинээр бий болгоход 28 албан хаагч, төрийн үйлчилгээ хариуцсан төрийн захиргааны байгууллагад 41 албан хаагч нийслэлийн хэмжээнд нийт 69, төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын үйл ажиллагааг нийт 174 орон тоотойгоор эхлүүлэхээр төлөвлөж байна.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдсанаар нийслэлийн 6 үйлчилгээний нэгдсэн төв, нийслэл дэх 59 төрийн үйлчилгээний цэг, 21 аймгийн үйлчилгээний нэгдсэн төв, 309 сум суурин газар нийт 395 цэгээр дамжуулан аймаг, сумдад салбар нэгжгүй төрийн захиргааны байгууллагын болон бусад төрийн байгууллагын үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүртээмжтэй хүргэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, иргэн төвтэй нэг цонхны үйлчилгээ буюу төр нь иргэндээ үйлчилгээгээ хаанаас ч ойрхон, хурдан хүргэх нөхцөл бүрдэнэ.

Аймаг, нийслэлд төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүн, хуулийн этгээдийн үйлчилгээ авах хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэх, эрх бүхий байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх, хариу мэдэгдэх зэрэг үйл ажиллагаанд  “Төрийн банк” ХХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Монгол шуудан” ХК-д түшиглэн нийслэлд 31 цэгт 38 төрийн байгууллагын 431 нэр төрлийн үйлчилгээг операторын горимоор үзүүлэх боломжтой байна.

Нэг цэгийн үйлчилгээг операторын горимд шилжүүлснээр

  • Иргэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авна
  • Нэг оператор иргэнд бүх төрлийн үйлчилгээг үзүүлнэ.
  • Үйлчилгээний ажилтны ачаалал буурна.
  • Орон нутагт төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ.
  • Үйлчилгээний соёл, стандартыг нэвтрүүлнэ.
  • Гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлэх боломж бүрдэнэ.
  • Төрийн үйлчилгээний процесс үйл ажиллагааг оновчилж, үйлчилгээний тоог бууруулна.
  • Төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох үйл явц сайжирна.
  • Үйлчилгээний хяналт сайжирна.
  • Төрийн бүтээмж нэмэгдэх юм.