УИХ-ын дэд даргын томилгоог удахгүй хэлэлцэнэ гэв

УИХ-ын дэд даргын томилгоог удахгүй хэлэлцэнэ гэв

УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан Т.Аюурсайханыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилоод хоёр сарын хугацаа өнгөрсөн байна. Тиймээс УИХ-ын дэд даргын албан тушаал одоогоор эзэнгүй байгаа юм.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнгөрсөн аравдугаар сард энэ талаар мэдээлэл өгөхдөө "УИХ-ын дэд даргын томилгоотой холбоотой асуудлыг /2022.10.31/ бүлгийн хуралдаанаар хэлэлцэнэ. Намын удирдах зөвлөлөөс шийдвэр гарсны дараа шийдвэрлэнэ" гэж мэдэгдэж байсан. Тэгвэл үүнээс хойш МАН-ын Удирдах зөвлөл ч шийдвэрээ гаргасангүй.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын дэд даргын томилгоотой холбоотой асуудлыг тун удахгүй хэлэлцэж шийдвэрлэх аж. 

Тус албан тушаалд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Н.Энхболд, Ц.Даваасүрэн, Ц.Мөнх-Оргил нарын тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байгаа юм. 

УИХ-ЫН ДЭД ДАРГЫН ҮҮРЭГ

15 дугаар зүйл.Улсын Их Хурлын дэд даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах, түүний чиг үүрэг

15.1.Улсын Их Хурлын дэд даргыг Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн, илээр санал хурааж сонгоно. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно.

15.2.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, 10 дугаар зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсноос гадна өөрийнх нь хүсэлтээр, эсхүл нэр дэвшүүлсэн нам, эвслийн бүлгийн хүсэлтээр Улсын Их Хурлын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, огцруулна.

15.3.Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг тарсан бол тухайн бүлгээс нэр дэвшүүлж сонгосон дэд даргыг чөлөөлсөн тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.

15.4.Улсын Их Хурлын дэд дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

15.4.1.Байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

15.4.2.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны ирц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

15.4.3.Улсын Их Хурлын үйл ажиллагааны дэг, гишүүний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;

15.4.4.Улсын Их Хурлын даргаас хуваарилсан болон даалгасан чиг үүрэг;

15.4.5.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

15.5.Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний даалгаснаар дэд дарга үүргийг нь хэрэгжүүлнэ.