ЭТТ-н оффист ирж ажилладаггүй, сул цалин авдаг 80 хүнийг чөлөөлж, 14 алба нэгжийг татан буулгасан ШИНЭ БҮТЦИЙГ ойрын хугацаанд батлуулна

ЭТТ-н оффист ирж ажилладаггүй, сул цалин авдаг 80 хүнийг чөлөөлж, 14 алба нэгжийг татан буулгасан ШИНЭ БҮТЦИЙГ ойрын хугацаанд батлуулна

Засгийн газрын шийдвэрээр /2022.10.26/ Эрдэнэс Тавантолгой /ЭТ/ ХК-д онц дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Бүрэн эрхт төлөөлөгч томилсон нь нүүрсний экспортоос олох орлогыг нэмэгдүүлж, гадаад валютын хэмжээг нэмэгдүүлэх зорилготой байсан гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. З

асгийн газрын дээрх шийдвэртэй холбоотойгоор Эрдэнэс Тавантолгой ХК-д багагүй өөрчлөлт гарснаас гадна зарим ажилчид нь хуулийн  байгууллагад шалгагдаж буй. Тэгвэл тус компанийн ажилчдыг цөөлж, бүтцийн өөрчлөлтийг хийхээр төлөвлөжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар бүтцийн шинэчилсэн хувилбарыг Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/-ийн хурлаар энэ долоо хоногтоо багтан хэлэлцүүлэхээр төлөвлөсөн ч хурал хойшилсон тул тун удахгүй батлах юм байна. 

Тус компани нь төв оффистоо нийт 210 орчим ажилтантай. Үүнээс гадна 80 ажилтан компанийн оффист ирж ажилладаггүй сул цалин авдаг байжээ.

Тухайлбал, тэдгээртэй гэрээ байгуулж, хөлсөөр цалинжуулдаг байсан байна. Тиймээс ажил хийдэггүй гэрээгээр сул цалин авдаг байсан ажилтнуудыг чөлөөлжээ. Өмнөх удирдлагуудын хувьд ТУЗ-ийн шийдвэргүй алба нэгж байгуулах эрхтэй байсан бөгөөд энэ хүрээнд 14 алба, нэгжийг шинээр байгуулсан байжээ. Тэгвэл бүтцийн шинэчлэлээр тус 14 алба нэгжийг татан буулгасан байна. Учир нь тус алба, нэгжүүд нь нэг ажилтан, нэг даргатай эсвэл даргагүй ганц ажилтантай бүр ганц даргатай байсан гэв.

Цаашлаад бусад албадтай чиг, үүргийн хувьд давхцсан учраас шаардлагагүй хүний нөөц, цалингийн зардал гаргадаг байсан гэх мэдээлэл байна. Тиймээс цомхон, ойлгомжтой бүтэцтэй болгоно гэх тайлбарыг тус компанид томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хэллээ. Ташрамд дурдахад, тус компанийн өмнөх удирдлага Б.Ганхуягийг саатуулаад нэг сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд түүний Эрдэнэс Тавантолгой компанид ажиллуулж байсан "Монголын оюутны холбоо"-ны найзууд /хуулийн байгууллагад шалгагдаж буйг оролцуулахгүйгээр/ одоо ч ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа аж.