О.Батнайрамдал: Улс төрийн дэмжлэг авч чадахгүй найман жил дуншсан Уул, уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль батлагдсан нь маш том дэвшил

О.Батнайрамдал: Улс төрийн дэмжлэг авч чадахгүй найман жил дуншсан Уул, уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль батлагдсан нь маш том дэвшил

Нүүрсний хулгайг таслан  зогсоох хамгийн үр дүнтэй арга нь биржээр борлуулах гэж мэргэжилтнүүд хэлж байгаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-аар хийлээ. 

Уг хууль батлагдсанаар Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах эрх зүйн орчин бүрдэж, улмаар  нийлүүлэгч, худалдан авагч хоёр талыг холбосон найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах, улмаар манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэх аж.

Энэ талаар Уул, уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал байр, сууриа илэрхийлэхдээ " Хэсэг бүлэг болон улс төрийн дэмжлэг авахгүй найман жил дуншсан Уул, уурхайн бүтээгдэхүүний биржийн хуулийг УУХҮЯ-аас "Шинэ сэргэлт"-ийн бодлогод тусгуулж УИХ-д өргөн барьж батлуулж байна. Нүүрсний хулгайг давтахгүй байх гарц шийдэл бол Уул, уурхайн бүтээгдэхүүний бирж мөн. Цаашид төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой бүх компани биржээр дамжуулж бүтээгдэхүүнээ борлуулдаг болно. Энэ бол маш том дэвшил юм" гэжээ