А.Адъяасүрэн: Би нүүрс тээврийн компанитай байсан. Тээврийн компанид хилээр нүүрс гаргах ямар ч эрх мэдэл байхгүй

А.Адъяасүрэн: Би нүүрс тээврийн компанитай байсан. Тээврийн компанид хилээр нүүрс гаргах ямар ч эрх мэдэл байхгүй

Нүүрсний хулгайд холбогдсон гэх УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Би 40 мянган жолооч бэлтгэсэн. 2000 мэргэжилтнийг ажлын байраар хангасан ажил олгогч эмэгтэй. Эрх баригчид хулгай луйвраа нуухын тулд яагаад заавал сөрөг хүчин рүүгээ дайрах ёстой юм.

Сүүлдээ ичсэн хүн хүн ална гэгчээр тээврийн компани, бизнес эрхлэгч, жолооч нар луу дайрч эхэллээ. Сүүлийн зургаан жил хэн засаг барьсан юм. Хэнд эрх мэдэл байсан юм. Хэнд тамаг байсан юм. Ард түмний амьдрал ямар байсан юм. Бидний хувьд өнөөдөр ард түмний нээлттэй ил тод сонсголын үр дүн хариуг хүлээж байна" гэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс сэтгүүлчид асуулт асууж хариулт авав. 

-Прокуророос шалгаж байгаа гэж мэдээлсэн. Гэвч та шалгаагүй гэж асуудлыг өөрөөсөө хөндийрүүлээд байгаа шүү дээ?

-Хөндийрүүлсэн юм биш. Яг өнөөдрийн байдлаар надад ирсэн мэдэгдэл алга. Ямар нэг юм байгаа бол би шалгуулахад бэлэн. Бас хамт нэр холбогдоод буй УИХ-ын гишүүдтэйгээ хамт шалгуулна гэж бодож байгаа.

-2020 онд таныг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон гэх баримт бичиг байна. Гэвч та шалгуулж байгаагүй гэлээ? 

-Улс төрд орсон цагаас хойш намайг маш олон гүтгэлэг дагаж ирсэн. Би нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй гэж хэлээгүй. Анх нэр дэвшигч байхдаа мэдүүлэг өгч байсан. Монгол Улсын тээврийн салбарт 20 мянган жолооч 450 орчим нүүрс тээврийн компани байдаг. Тэдний нэг нь би байсан. Түүнийгээ ч нуугаагүй. Гэхдээ нүүрс тээврийн компанид гаалиар хулгайн нүүрс гаргах ямар ч эрх мэдэл байхгүй.