"Нүүрсний хулгай"-н асуудлаарх нээлттэй сонсгол 10.00 цагт Төрийн ордонд эхэлнэ

"Нүүрсний хулгай"-н асуудлаарх нээлттэй сонсгол 10.00 цагт Төрийн ордонд эхэлнэ

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 21-нд Нүүрсний асуудлаарх хянан шалгах түр хорооноос "Нүүрсний хулгай"-н нээлттэй сонсголыг зохион байгуулна. Сонсгол 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж доорх сэдвээр ярилцах юм. 

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй /Оффтейк/ болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн талаар;
  • Нүүрсний асуудлаар 2013 оноос хойш шийдвэрлэгдсэн, хэрэгсэхгүй болсон хэргүүдийн талаарх мэдээлэл болон шалгагдаж байгаа хэргүүдийн явц, шийдвэрлэлтийн байдлын талаарх мэдээлэл;
  • Монгол Улсаас 2020-2022 онуудад нийт хэдэн боомтоор, ямар хэмжээний нүүрс гаргасан, хэдэн аж ахуйн нэгж ямар хэмжээгээр олборлож, ямар аж ахуйн нэгж тээвэрлэж, хэдий хэмжээний орлого олсон, коксжих нүүрсний дэлхийн болон БНХАУ-ын зах зээл дээрх үнэ, хилийн үнэ, уурхайн аман дээр борлуулж буй үнийн зөрүү, түүний шалтгаан. Энэхүү үнийн зөрүү нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, хууль бус үйл ажиллагааны орлого, татвараас зайлсхийхэд нөлөөлсөн эсэх;
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон болон эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар өртгөөр барьж байгуулсан тухай.

Сонсголд УИХ-ын гишүүдээс гадна 298 хүн оролцох бөгөөд тэднээс 34 нь үг хэлнэ.