Эмчилгээнд явсан гэгдэж буй Х.Баттулгыг "БНСУ руу албан ажлаар явсан" гэх зөрүүтэй мэдээллийг АН-аас гаргажээ

Эмчилгээнд явсан гэгдэж буй Х.Баттулгыг "БНСУ руу албан ажлаар явсан" гэх зөрүүтэй мэдээллийг АН-аас гаргажээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт нүүрсний хулгайн хэргээр АТГ-т мэдүүлэг өгсөн бөгөөд үүнийхээ дараа БНСУ-ыг зорьсон.

Түүнийг ийнхүү гаднын улс руу явсан нь "хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсанаа мэдээд зугтсан" гэх хардлагыг төрүүлж байгаа. Харин хуулийн байгууллагаас түүнийг "БНСУ-д төлөвлөгөөт хагалгаанд орохоор батлан даалт гаргаад явсан" гэдгийг тодотгосон. Тэгвэл өчигдөр Ардчилсан намаас Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг албан ажлаар БНСУ руу явсан гэх тайлбар мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд "Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүй хэмээн АТГ-аас 17 хүний нэрийг зарласан. Тэднээс хамгийн түрүүнд буюу 2022.12.15-ны өдөр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АТГ-т гэрчээр очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл өнгөрөгч амралтын өдөр Нийгмийн сүлжээнд “Х.Баттулга БНСУ руу зугтсан” гэх мэдээлэл гарлаа.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь оргон зайлаагүй, оргон зайлах ч шалтгаан байхгүй. Мөн түүнд хилийн хориг тавиагүй. Гадаад улсад зорчих эрх нь нээлттэй байгаа. Гэсэн хэдий ч тэрээр энэ удаад БНСУ-д албан ажлаар зорчих болсноо АТГ-т албан ёсоор мэдэгдсэн болохыг Ардчилсан намаас мэдэгдэж байна" гэжээ.