УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг хэлэлцэв.
СЗХ нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэв. Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооны мэргэжлийн холбоодоос СЗХ-ны даргад удаа дараа санал гомдол хүргүүлжээ. Мөн УИХ-аас ажлын баг гарч, СЗХ-ны ажлыг шалган үүрэг чиглэл өгсөн ч хангалттай биелүүлээгүй аж. Тиймээс ББСБ-уудын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтад эрс шинэчлэл хийх шаардлагатай байгааг УИХ-ын дарга дурдлаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан СЗХ-ны дарга С.Даваасүрэн нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргасныг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.
Дээрх асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 5-ны хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ дахь МАН-ын бүлгээс СЗХ-ны даргыг чөлөөлөх тухай тогтоолын төслөөс гадна Монголбанкны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслөөр завсарлага авлаа.
Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаан 15.00 цаг хүртэл завсарлав. Энэ хооронд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.