Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаалын гурав дахь өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандан мэдэгдэл хийсэн. Тэрбээр энэ үеэр "Маш яаралтай тогтолцооны өөрчлөлтийг хийнэ. Тогтолцоог шинэчлэхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй" гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл тэрбээр энэ дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтийг ирэх 2023 оны эхээр эхлүүлэхээр болжээ.
Тодруулбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж УИХ-ыг хоёр танхимтай болгох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх юм байна.
Эрх баригч МАН-ын хувьд өнгөрсөн хавраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж эхэлсэн бөгөөд гишүүд тойрогтоо ажиллан дээрх асуудлаар иргэдээс санал авахад дэмжээгүй гэдэг. Улмаар өнгөрсөн есдүгээр сард Цэцээр дүгнэлт гаргуулан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өөрчилж "давхар дээл"-тэй сайд нарыг томилсноор Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажил түр завсарласан юм. Тэгвэл уг өөрчлөлт ирэх оноос үргэлжлэн хийгдэх нь.