ТОДРУУЛГА: Нүүрсний асуудлаарх нийтийн сонсголд бүртгүүлсэн 300 гаруй хүнээс 100-г нь хасна

ТОДРУУЛГА: Нүүрсний асуудлаарх нийтийн сонсголд бүртгүүлсэн 300 гаруй хүнээс 100-г нь хасна

Маргааш буюу арванхоёрдугаар сарын 21-нд Нүүрсний асуудлаар хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголыг зохион байгуулна.

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг оролцохыг урьсан юм. Сонсгол явуулах сэдэв:

  • 1.“Эрдэнэс ТавантолгойХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй /Оффтейк/ болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн талаар;
  • 2.Нүүрсний асуудлаар 2013 оноос хойш шийдвэрлэгдсэн, хэрэгсэхгүй болсон хэргүүдийн талаарх мэдээлэл болон шалгагдаж байгаа хэргүүдийн явц, шийдвэрлэлтийн байдлын талаарх мэдээлэл;
  • 3.Монгол Улсаас 2020-2022 онуудад нийт хэдэн боомтоор, ямар хэмжээний нүүрс гаргасан, хэдэн аж ахуйн нэгж ямар хэмжээгээр олборлож, ямар аж ахуйн нэгж тээвэрлэж, хэдий хэмжээний орлого олсон, коксжих нүүрсний дэлхийн болон БНХАУ-ын зах зээл дээрх үнэ, хилийн үнэ, уурхайн аман дээр борлуулж буй үнийн зөрүү, түүний шалтгаан. Энэхүү үнийн зөрүү нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, хууль бус үйл ажиллагааны орлого, татвараас зайлсхийхэд нөлөөлсөн эсэх;
  • 4.“Эрдэнэс ТавантолгойХК-ийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон болон эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар өртгөөр барьж байгуулсан тухай.

Тэгвэл тус нээлттэй сонсголд одоогоор хэдэн хүн бүртгүүлсэн талаар бид холбогдох албанаас тодруулахад, “Бүртгэл хаагдсан байна. Одоогоор 300 гаруй иргэн оролцох хүсэлтээ илгээсэн бөгөөд оролцогчдын дээд хязгаарыг 200 хүн гэж тогтоосон тул хасах ажил хийгдэнэ. Хоёр танхимд зохион байгуулагдана. Мөн нүүрсний хулгай асуудлаарх нээлттэй хэлэлцүүлэгт оролцогч байж болох хүмүүсийг гэрчээр дуудаж байгаа” гэлээ.