"Нүүрсний" хэрэгт холбогдсон МАН-ын таван гишүүн АТГ- т мэдүүлэг өгч эхэлсэн бөгөөд Л.Оюун-Эрдэнэ тэднийг "шалгуулчих" гэж бүлгийн хурал дээрээ хэлжээ

"Нүүрсний" хэрэгт холбогдсон МАН-ын таван гишүүн АТГ- т мэдүүлэг өгч эхэлсэн бөгөөд Л.Оюун-Эрдэнэ тэднийг "шалгуулчих" гэж бүлгийн хурал дээрээ хэлжээ

Жагсагчдын тавьсан шаардлагын дагуу Авлигатай тэмцэх газраас /АТГ/ "Нүүрсний" гэх хэрэгт нэр холбогдсон 17 хүний нэрийг зарласан. Тэдний тав нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн нар байсан юм.

-НҮҮРСНИЙ ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДСОН ТАВАН ГИШҮҮН МЭДҮҮЛГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖЭЭ-

Тэгвэл дээрх таван гишүүнийг АТГ-аас дуудан мэдүүлэг, тайлбар авч эхэлжээ. Харин агуулгын хувьд тулгасан, дайрсан асуултаар биш "Та үүнийг мэдэх үү. Мэдэж байсан уу" гэх зарчмаар АТГ-аас мэдүүлэг авсан талаар зарим эх сурвалж мэдээлжээ. Ташрамд дурдахад, "Нүүрсний" гэх хэрэгт холбогдсон 17 хүний нэрийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн мэдүүлгийн дагуу зарласан гэдэг.

Харин АТГ-аас дээрх нэрсийг зарласны дараа дээрх таван гишүүн ихэд бухимдан мэдэгдэл хийж, намын бүлгээ хуралдуулахыг дотооддоо шаардан зарим нь "Намаасаа гарна" гэсэн бол зарим нь "УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулна" гэсэн байдаг.

Тэгвэл дээрх маргаанаас хойшхи УИХ дахь МАН-ын бүлгийн бүлгийн хурал өчигдөр /2022.12.19/ болсон бөгөөд тэнд ямар асуудал яригдсан нь анхаарал татаж байна. Тэгвэл МАН-ын бүлгийн өчигдрийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар оролцож үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцаж, тодорхой чиглэлийг гишүүддээ өгсөн байна.

-НҮҮРСНИЙ ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДСОН ХҮМҮҮСИЙГ ШАЛГУУЛЧИХ ГЭЖ ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БҮЛГИЙН ХУРЛЫН ҮЕЭРЭЭ ХЭЛЖЭЭ-

Харин өнгөрсөн долоо хоногт ихэд бухимдаж байсан таван гишүүн өмнөх шигээ эмоцио бүлгийн хурал дээрээ гаргаагүй ч, "Бидэнд мэдэгдэлгүйгээр нэрсийг зарласан. Бид ямар хэрэгт нэр холбогдсоноо ч мэдээгүй байтал хулгайч болгочихлоо. Нэр хүндэд халдаж, гүтгэлээ. Ингэж болдог юм уу. Ямар зорилготой юм" гэж гомдолжээ. Ингэхдээ тэдний хэн нь ч намаасаа гарна, бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэж хэлээгүй байна. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нар дээрх агуулгыг ярьсан байна. Харин Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн нар бүлгийн хуралд суугаагүй аж. Ерөөс өчигдрийн МАН-ын бүлгийн хурал ирц муутай, уур амьсгалын хувьд тайван болжээ. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд "Хууль хяналтын байгууллагаас зарласан нэрийг би яаж мэдэх вэ. Нөлөөлж нэр өгч хэлүүлээгүй. Хуулийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцох боломжгүй. Хуулийн байгууллагын шаардлагын дагуу шалгуулчих. Нүүрсний хэрэгт нэр холбогдсон бусад гишүүд ч шалгуулчих. Нүүрсний хулгайтай тэмцэх ажлаас ухрахгүй. Энэ нь хүний, өөрийн хүмүүст таалагдахгүй. Тиймээс нэр холбогдсон хүмүүс шалгуулаад буруутай эсэхээ тогтоолгох хэрэгтэй" гэжээ.