Д.Баясгалан: Яагаад манай гэрээг төрийн нууцад авсныг мэдэхгүй байна

Д.Баясгалан: Яагаад манай гэрээг төрийн нууцад авсныг мэдэхгүй байна

“Бодь” группийн ТУЗ-ын дарга Д.Баясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “2008 оны зургадугаар сарын 18-ны өдөр /2008.06.18/ одоогоос 14 жилийн өмнө ЗГ-ын 252 дугаар тогтоолоор "Энержи ресурс" компанид төмөр зам барих, ашиглах концессын эрхийг өгсөн байдаг. Энэ өдрөөс хойш "Энержи ресурс" юу хийсэн бэ гэхээр судалгаа шинжилгээний ажлууд, зөвлөгөө, газар шорооны зураг төслийн ажлууд, бичиг баримттай холбоотой бүх ажлыг хийгээд 2012 онд ЗГ-тай гэрээ хийж баталж байгуулсан.

2008 оны анхны зөвшөөрөл бол С.Баярын ЗГ-ын үед өгөгдсөн. Дараа нь 2012 онд концессын гэрээг байгуулах төсөл бол Сү.Батболдын үед гарсан. Дараа нь 2012 оны арваннэгдүгээр сард Н.Алтанхуягын ЗГ гарч ирээд таван сарын өмнө байгуулсан тэрхүү концессын гэрээг цуцалсан.

Цуцлаад бодлогын баримт бичигт заасны дагуу лицензийг Тавантолгойгоос Гашуунсухайт хүрэх төмөр замыг төрийн өмчит компани "Монголын төмөр зам" компани руу шилжүүлсэн. "Монголын төмөр зам" нь "Энержи ресурс"-тай хэлэлцээр хийгээд нөхөн төлбөр олгосон. Цаашдаа хөгжлийн банкнаас дөрвөн зуун сая хүртэлх ам.долларын санхүүжилтийг авна гэж эхний 200 сая ам.долларын санхүүжилтээ аваад ажлыг үргэлжлүүлсэн. Энэ ажил явж байгаад 2014 оны сүүлээр санхүүжилтгүй зогсоод 2015 оны эхээр төсөл бүрэн зогссон. 2014 оны арванхоёрдугаар сард Ч.Сайханбилэгийн захирамжаар ерөөсөө энэ төслийг гадаадын хамтрагчтай хамтрах хэрэгтэй юм байна гэж үзээд сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж ажиллуулсан. Гэхдээ гэрээ байгуулагдаагүй. 2015 оноос хойш 2019 он хүртэл таван жил зогссон. Ингээд н.Эрдэнэбатын ЗГ-аас энэ төсөл дээр ямар нэгэн ажил огт хийгдээгүй, шийдвэр ч гараагүй. Хүмүүст тухайн үед ойлголтоороо овоолсон шороо үлдээчихсэн юм байна. Хүмүүс нь ийш тийшээ зугтаачихсан юм байна, хэрэг шалгагдахгүй гэдэг ойлголт үлдчихсэн” гэв.