Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газраас хамтран аравдугаар сарын 29-30 нд шилжих шөнө өдөр /2019.10.29/ тусгай ажиллагаа явуулж нэр бүхий таван зочид буудлаас БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 гаруй компьютертэй, 10 мянган утасны дугаарыг хураан авсан.
Тэгвэл тусгай ажиллагааны үеэр саатуулагдсан БНХАУ-ын 759 иргэнийг өнгөрөгч амралтын өдөр Монгол улсын хилээр албадан гаргасан.
Албадан гаргах ажиллагааны үеэр Цагдаа болоод Тагнуулын байгууллагын албан хаагчид дээд газраасаа "тусгай үүрэг" авч тэдгээр иргэдийг БНХАУ-ын Эрээн хотод тус улсын хуулийн байгууллагын албан хаагчдад хүлээлгэж өгсөн талаар эх сурвалж мэдээлж байгаа юм.
Харин тэдгээр иргэдийг БНХАУ-ын Наньжин хотын цагдаагийн газарт саатуулан шалгаж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчин ажиллаж байсан 759 иргэнийг хуулийн дагуу ажиллагаа явуулж албадан буцаасан. Улмаар энэ сарын 3-ны өдөр дээрх иргэдийг Жянсү мужийн цагдаагийн газар, Өвөрмонголын цагдаагийн газрынхан тосч авсан. Ингээд эдгээр иргэдийг энэ сарын 7-ны өдөр тус улсын Наньжин хотод тээвэрлэн аваачсан бөгөөд одоогоор хэрэг үүсгэн саатуулан шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ хэрэг нь 2019 онд тус улсад бүртгэгдсэн хамгийн өргөн хүрээтэй цахим луйврын хэрэг гэдгийг тодотгожээ.