Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдсан. Бэлтгэл ажлын явцын талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулав.
-АН-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд зарчмын гурван санал тавьж байгаа. Та бүхэн санал нэгдсэн үү?
-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналыг гаргасан. МАН-ын бүлэг энэ саналыг хүлээж авахгүй. Ард түмний сонголтыг парламент авч болохгүй. Өөрөөр хэлбэл ард түмний эрхийг авч болохгүй.
-Сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах дээр санал нэгдсэн гэсэн. Энэ талаар?
-Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах асуудлаар ирэх даваа гаригийн бүлгийн хуралдаанаар хэлэлцэнэ.
-Холимог тогтолцоогоор сонгууль явуулбал намын нэрээр орж ирдэг гэсэн шүүмжлэл байгаа?
-Пропорцианаль өөрөө хоёр янз. Хүн дугуйлах, нам дугуйлах уу гэдэг асуудал яригдана.
-Ирэх сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэсэн үг үү?
-Манай нам сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах бол 2024 оноос хэрэгжүүлнэ гэсэн саналтай байгаа. Энэ удаагийн сонгууль хуучин хуулиараа явах ёстой. Хамгийн гол нь Үндсэн хуулиа батлах чин хүсэлтэй байх ёстой.