БАРИМТ: Концессын гэрээ хэрэгжихээс өмнө "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" 14 тэрбумын үндсэн хөрөнгөтэй байсан бол, 2021 онд 625 тэрбум болж өсчээ

БАРИМТ: Концессын гэрээ хэрэгжихээс өмнө "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" 14 тэрбумын үндсэн хөрөнгөтэй байсан бол, 2021 онд 625 тэрбум болж өсчээ

Засгийн газрын өнгөрсөн сарын 30 /2022.11.30/-ны өдрийн хуралдаанаар "Кью Эс Си" ХХК-ийн концесс хэрэгжүүлсэн "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т хийсэн санхүүгийн хяналт, шалгалтын дүнг танилцуулсан.

-Э.ШИЖИР: 40 ТЭРБУМЫН БЛАНСТАЙ, 14 ТЭРБУМЫН ҮНДСЭН ХӨРӨНГӨТЭЙ БАЙСАН ДАРХАНЫ ҮЙЛДВЭРЭЭС ЮУ АВСАН БОЛООД 2.6 ИХ НАЯДЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА-

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөхдөө "Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-д хийсэн шалгалтаар Кю Эс Си ХХК концессийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Хяналт, шалгалтын нэгдсэн дүнгээр 2014-2021 онд концессын эрхийг хэрэгжүүлсэн компани нь 2 их наяд 620 тэрбум төгрөгийн зөрчил гаргаж, шамшигдуулалт бий болгосон талаарх дүгнэлт гарсан. Эдгээр зөрчлийг хянаж, шалгах ажил АТГ-т явагдаж байна" гэж мэдэгдсэн билээ. Харин түүний уг мэдээллийг үгүйсгэж Кью Эс Си ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир “2010 оноос өмнө Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь 14 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 40 тэрбум төгрөгийн тайлан бланстай, 15 тэрбум төгрөгийн өртэй байсан. Ийм компанид Кью Эс Си компани хөрөнгө оруулалт хийгээд 2014 оноос концессын гэрээний дагуу бүрэн хэмжээний удирдлага менежментийн үйл ажиллагааг явуулж ирсэн. Гэтэл ийм компаниас юуг нь авсан гэж ямар хэмжээний хохирол учруулсан бол айхтар, айхтар том тоо хэлээд байна вэ” гэсэн билээ. Тэгвэл “Кью Эс Си” компани нь хүлээж авах үед тус үйлдвэрийн санхүүгийн “эрүүл мэнд” ямар байсан тухай мэдээллийг бид баримтаар хүргэж байна.

ВИДЕО: 

-33 ТЭРБУМЫН БОРЛУУЛАЛТ ХИЙДЭГ Ч 31 ТЭРБУМЫН ЗАРЛАГАТАЙ АЖИЛЛАДАГ ҮЙЛДВЭР БАЙЖЭЭ-

Тухайлбал, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн 2009 оны жилийн санхүүгийн тайланд 14 тэрбум 743 сая 489 мянган төгрөгөөр үнэлэгдэх үндсэн хөрөнгөтэй байжээ. Харин 40 тэрбум 910 сая төгрөгийн бланстай үүнээс эргэлтийн бус хөрөнгө нь 15.4 тэрбум төгрөг байна. Уг тайланг Сангийн яам, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн хороонд хүргүүлж байсан бөгөөд нэг жилд  33 тэрбумын борлуулт хийж 31 тэрбумын зарлага гаргадаг байсан нь тус баримтад үлдсэн байна. 

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн санхүү

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн санхүү

Тухайн үеийн санхүүгийн нөхцөл байдлыг тойм зургаар хүргэвэл ийм үйлдвэрийг Кью Эс Си компани 2010 онд хүлээж авч байжээ. Уул уурхайн металлургийн цогцолбор төслийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т түшиглэн хэрэгжүүлэхээр тогтоол гаргаж төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчийг татахаар олон улсад нээлттэйгээр сонгон шалгаруулалт зарлахад БНХАУ-аас хоёр, Австрали, Энэтхэг, БНСУ-ын компаниуд оролцож байснаас цорын ганц үндэсний ААН байсан нь “Кью Эс Си” ХХК байсан байдаг. Тендерт оролцсон гадны аж, ахуй нэгжүүдийн хувьд төмрийн орд газрын олборлолтын болон хайгуулын их хэмжээний лиценз эзэмших, тус төмрийн ордын 50 хувийг эзэмших зэрэг нөхцлийг тулгаж байсан бол Кью Эс Си концессын гэрээ хэрэгжүүлье гэснээр шалгарч байжээ. 

“Кью Эс Си” ХХК нь 2010-2013 оны хооронд нийтдээ 60 орчим сая ам.долларыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т оруулсан бөгөөд 2022 оны дөрөвдүгээр сард тус үйлдвэрээс хөөгдөж гарахдаа  15 дахин их буюу 625 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй болгосон байжээ.