Арваннэгдүгээр сарын 06-07нд шилжих шөнө угаарын хийд хордсон долоон өрхийн нийт 12 хүн эмнэлэг, цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Тус 12 иргэний зургаа нь насанд хүрсэн хүн бол, зургаа нь бага насны хүүхэд байсан байна.
Харамсалтай нь угаарын хийд хордож 10 настай хүүхэд нас барсан байна. Тухайн айл нь СХД-ийн долоодугаар хорооны өрх бөгөөд хүүгийн ээж ухаангүй ГССҮТ-д байгаа юм байна.
Яг одоо тухайн айлд нийслэлийн Онцгой байдал, мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид үзлэг, шинжилгээ хийж байгаа юм байна. Тус айл яндангаа зуухнаасаа салгаж орхисон байна. Тиймээс энэ хэргийг угаарын хийн хордлого мөн эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоогоод дараагийн шатны байгууллага руу шилжүүлэх юм байна. Яндангаа буулгасан, угаарын хийнд хордсон тохиолдол хоёр дахь нь болж байна. Өмнө нь мөн л 25 настай эрэгтэй өөрийн гэртээ яндангаа пийшингээсээ салгаж тавьсан, угаартаж нас барсан байдалтай хуулийн байгууллагад олдсон юм.
Эмнэлэгт хандсан мэдээллийг тодруулбал, СХД-ийн дөрвөн өрх, ЧД-ийн нэг өрх, БГД-ийн нэг өрх, БЗД –ийн нэг өрх угаарын хийн хордлогоор дуудлага өгсөн байна.