Х.Нямбаатар: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагууд оюутны холбоод руу их хэмжээний мөнгө шилжүүлснийг илрүүлсэн

Х.Нямбаатар: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагууд оюутны холбоод руу их хэмжээний мөнгө шилжүүлснийг илрүүлсэн

Нүүрсний хулгайн хэргийг шалгаж буй асуудлаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна. 

ҮЗЭХ: 

Тэрбээр энэ үеэр "Нүүрсний хулгайн хэрэгт дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг Засгийн газраас байгуулсан. Ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Ажлын хэсгийн хамгийн эхний хурал өчигдөр орой боллоо. Ажлын хэсгээс ямар чиглэлээр ажиллахаа тодорхой болгосон. Тодруулбал, төрийн байгууллагууд, агентлагаас холбогдох мэдээллийг авч мөрдөн шалгах үйл ажиллагааг хангах, нарийн мэргэжлийн шинжээч, экспертүүдийн дэмжлэг үзүүлж ажиллана. Мөн засгийн газар хоорондын эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний үндсэнд гадаад улсуудаас хил, гаалийн мэдээ, мэдээллүүдийг гаргуулж өгөхөөр тохирсон. Ажлын хэсгийн анхны хуралдааныг хийснээс хойш хэд, хэдэн мөрдөн шалгах ажиллагааг хийлээ.

Тухайлбал, урд шөнө Эрдэнэс Тавантолгой ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын найман иргэнийг хойшлуулшгүй ажиллагаагаар баривчилсан. "Хишиг арвин индустрал" ХХК-ийн захирал Б.Хишигдорж, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин нарын гурван захирлыг баривчилсан. Эдгээрээс бусад хүмүүс нь Б.Ганхуягийн хамаарал бүхий юм.

 Б.Ганхуяг нь Эрдэнэс Тавантолгой ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж үзсэн учраас цаашид гүнзгийрүүлэн шалгах шаардлагатай гэж үзэн баривчилсан гэж АТГ, ЦЕГ-ын Мөрдөн шалгах ажлын хэсгээс бидэнд мэдээлсэн.

-АЙМАГ БҮРЭЭС ГУРВАН ЭРҮҮГИЙН МӨРДӨГЧ ТАТАН ОРОЛЦУУЛЖ БАЙНА-

Мөрдөн шалгах ажиллагаа өнөөдөр үргэлжилж дээр дурдсан хүмүүсийн орон байр, оффист үзлэг нэгжлэг хийх үйл ажиллагаа хийгдэж байна. "Хишиг арвин интустрал" ХХК нь Эрдэнэс Тавантолгой ХК-г анх үүсгэн байгуулагдсанаас хойш хөрс хуулалт, олборлолт, операторын үйл ажиллагаа явуулсан үндэсний том компани. Энэ компанийн захирал Б.Хишигдорж нь Эрдэнэс Тавантолгой ХКийн захирал Б.Ганхуягийн хооронд албан тушаал, авлигалын гэмт хэргийн тодорхой нотлох баримт, мэдээлэл олдсон. Нүүрсний хэргийг мөрдөн шалгах ажиллагааг өргөтгөх, өргөтгөсөн бүрэлдэхүүнийг ажиллуулахаар болсон тул хөдөө аймаг бүрээс гурван эрүүгийн хэргийн мөрдөгчийг татан оролцуулж ажиллаж байна. Нүүрсний хулгайн хэрэгт 4-5 чиглэлийн нотлох баримтыг цуглуулах шаардлагатай. Тавантолгойн уурхай ашиглалтанд орсноос хойш хэдэн метр куб талбайг ухсан, хэр хэмжээний талбайд хөрс хуулалт хийсэн, олборлосон нүүрсний хэдэн хувийг өндөр агуулгатай хичнээн нь сул агуулгатай байсан гэх мэт. Мөн эдгээрийн хичнээнд нь гаалийн бүрдүүлэлт хийгдсэнг тодруулна. Хичнээн мянган тээврийн хэрэгсэл урд хилээр гарч тээвэрлэлт хийгдсэн юм. Тээврийн компани аж ахуй нэгжийн орлогын албан татварт хичнээн төгрөг төлсөн тэдний ард улс төрд нөлөө бүхий ямар хүмүүсийг мөн тодорхой болгоно. 

Энэ мөрдөн шалгах ажиллагааны явцад бүртгэлгүй хичнээн хэмжээний нүүрс экспортлогдсон бэ гэдэг нь мөн анхаарал татаж байгаа юм. 

ЦЕГ-ын ажлын хэсэгт багтсан мөрдөгч, шинжээч, гаалийн байгууллагын ажилтнууд, хил хамгаалахын ажилтнууд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд түр байрлаж ажиллахаар явсан. Мөрдөн шалгах ажлын явцад тээвэрлэлт саатаж болохгүй. Газар дээр нь хэмжилт хийгдэнэ.Энэ ганц Эрдэнэс Тавантолгой бус орон нутгийн өмчит Тавантолгойн асуудал ч яригдана. Гаалийн байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг шалгаж гаалийн бүрдүүлэлт хийсэн архивын баримтад шалгалт хийн нотлох баримтыг нэг талд нь гаргана. Гаалийн хилээр нэвтэрсэн хүн тээвэр, бараа тээврийн тоог тодорхой болгоно. 

Иргэд олон нийтийн шаардлагын дагуу мөрдөн шалгах ажиллагаа ийнхүү эрчимжиж байна. Сүхбаатарын талбайд зүрх сэтгэлийнхээ дуудлагаар жагсаж буй иргэд бий. Үүний хажуугаар захиалгатай энэ хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн үйл ажиллагаа ч бий. "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагуудаар Монголын оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үе, үеийн дарга нар ажиллаж байгаа.

Яг өнөөдрийн энэ жагсаал цуглааныг зохион байгуулахад эдгээр хүмүүсийн төлөөлөл нь одоогийн оюутны холбоо, их дээд сургуулийн оюутны зөвлөлийн удирдлагууд руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг Эрүүгийн цагдаагийн албанаас тодруулсан. Өмнө нь хэрэгсэхгүй болгосон бүх мэдээллийг эргүүлж сэргээж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Нүүрсний гэрээ байгуулахдаа давуу байдал бий болгосон эсэхийг ч шалгана. Гэхдээ нүүрс худалдан авагч талдаа айдас түгшүүр төрүүлж болохгүй байна.