Г.Ганболд: Иргэдэд 44 их наядын хулгай гэж гишүүд итгүүлсэн. Үнэндээ 2.5 сая тонн нүүрсний хулгайн хэрэг шалгагдаж байна /ВИДЕО/

Г.Ганболд: Иргэдэд 44 их наядын хулгай гэж гишүүд итгүүлсэн. Үнэндээ 2.5 сая тонн нүүрсний хулгайн хэрэг шалгагдаж байна /ВИДЕО/

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүдийн асуулт, хариулт болж байна. 

ВИДЕО: 

УИХ-ын гишүүн С.Чинзориг “Түр хороон байгуулагдаад зургаан сар болсон. Энэ хугацаанд ямар ажил хийв. Нууцлалын зэрэгтээ хэдэн гэрээ байдаг вэ. Төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээ, мөнгөний асуудал нууцлалын гэрээнд байгаа юу. Түр хороо болон УИХ-ын гишүүд яагаад тодорхой бодитой мэдээлэл өгөхгүй байгаа юм. Түр хорооны гишүүд өөрсдөө улс төр хийгээд байгаа юм биш биз? 2018 онд Хүрэлбаатар сайд нүүрсний хэргийг шалгаад 370 орчим мянган тонн нүүрс алдагдсан байх магадлалттай байна. Тодорхой хэмжээний улсын дугаар нь тодорхойгүй машинууд хоёр талдаа дандаа хоосон орж гарсан мэдүүлэгтэй байна гэж ярьж байсан. Тэгээд шалгуулах гээд гурван жилийн өмнө цагдаад шилжүүлсэн. Өнөөдрийг болтол хариу байхгүй байгаа. Энэ мэт зарим хэрэг нь хуулийн байгууллагад хаагдсан гэсэн мэдээлэл байна.  Мөн Т.Доржханд гишүүн нүүрсний хулгайн мөнгөн дүнг зарлаад явж байна. Үнэн худлаа нь мэдэгдэхгүй баримтгүй яриа их банйа. Иймд ядаж түр хороо энэ талаар бодит мэдээлэл өгч баймаар байна" гэсэн юм.

Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболд “Манай түр хороо УИХ-аас байгуулсан гурав дахь хороо. Бусад хороод ажиллах хугацаа нь сунгагдаад явж байна. Бид нотлох баримт цуглуулах, гэрч дуудаж байцаах гэсэн ажлуудыг хийж байна. Үүнд цаг хугацаа их орж байгаа. Хянан шалгагч нар ажиллаж байна. Шинжээчид цуглуулсан материал дээр сууж байна.  Шууд бид нотолж зарлахад эрт байгаа учир хугацаа сунгах хүсэлт тавьж байна. Өмнө нь Энхболд гишүүн гурван жил нүүрсний хулгайн тухай чуулганы танхимд орилсон хэн ч тоогоогүй. Харин түр хороо ажилласнаар нүүрсний хулгай анхаарлын төвд орж, энэ зэрэгтээ болсон. Энэ талаарх гэрээнүүд нууц учир УИХ-ын гишүүд ч танилцах боломжгүй байна. Зөвхөн түр хороо энэ гэрээнүүдтэй танилцах эрхтэй болсон. Ерөнхий сонсгол хийх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд арванхоёрдугаар сарын 21-нд тус хэрэгтэй холбоотой бүх нууц гэрээг ил гаргаж, иргэдэд нээлттэй хэлэлцүүлнэ. Нууц гэрээ ил болбол үүний цаана төмөр зам хэдэн төгрөгөөр барьсан. Барьж өгснийхөө хариуд нүүрс хэдээр авч байсан гэдэг нь ил болно.

Мөн Т.Доржханд гишүүн түр хорооны гишүүн мөн гэвч хуралд нэг ч суугаагүй. Түр хороонд 44 их наядтай холбоотой нэг ч асуудал яригдаагүй. Иймд төр ард түмнийг талцуулсан. Өвлийн хүйтэнд талбайд иргэдийн жагсахад хүргэсэн мэдээлэл өгсөндөө Т.Доржханд гишүүн өөрөө хариуцлага хүлээх хэрэгтэй.

Өөрийнхөө ярьж байгаа дүнг ямар үндэслэлтэй гаргаж ирснээ ярих хэрэгтэй. Өнөөдөр иргэд гадаа 44 их наядын хулгайн хэрэг гээд жагсаад байдаг. Гэвч түр хороонд яригдаж байгаа нь 2.5 сая тонн нүүрсний хулгайн нотлох баримт цуглуулах асуудал байгаа. Тиймээс Т.Доржханд гишүүн буруу мэдээлэл өгсөн бол гадаа жагсаж байгаа иргэдээс, эрүүл мэндээрээ хохирсон цагдаагийн алба хаагчдаас уучлал хүсэх хэрэгтэй гэж бодож байна" гэлээ.