НУУЦ ДУРАН: Хууль хүчний байгууллагын хамтарсан баг "Нүүрсний хулгай"-г илрүүлэхээр Өмнөговийг зорилоо /ВИДЕО/

НУУЦ ДУРАН: Хууль хүчний байгууллагын хамтарсан баг "Нүүрсний хулгай"-г илрүүлэхээр Өмнөговийг зорилоо /ВИДЕО/

Нүүрсний хулгайчдыг ил болгож, шударга ёсыг шаардсан иргэд дөрвөн өдрийн турш Төв талбай дээр жагссан. Уг жагсаал өнөөдөр ч үргэлжилнэ гэдгийг жагсагчид мэдэгдээд байгаа.

ВИДЕО: 

Тэгвэл эл асуудал нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд яригдаж, улмаар өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль хүчний байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, нүүрсний хулгайн асуудлыг шуурхай шалган шийдвэрлэж, тус хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрсийг ил тод зарлахыг үүрэг болгосон билээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж, "Нүүрсний хулгайн асуудлыг шалгах ажлыг эрчимжүүлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажлын хэсэг хүрээгээ өргөтгөж,  аймаг орон нутгаас эрүүгийн хэргийн мөрдөгч нарыг нэмж, ажлын хэсэг болгон ажиллуулна" гэдгийг мэдэгдсэн юм. 

Авлигатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хууль хүчний байгууллагын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг өнөөдөр өглөө Өмнөговь аймгийг зорих гэж байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Уг мэдээллийн мөрөөр бид сурвалжиллаа. 

2022.12.08-ны өдөр 07:30 минут. Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны үүдэнд том оврын автобус аваараа татаад зогсжээ. Ажиглавал ажлын хэсгийнхэн бололтой цагдаагийн хувцастай болон энгийн хувцастай үүргэвч, цүнх барьсан албан хаагч тус автобусанд сууж байх аж. Ойролцоогоор 50-60 хүн багтжээ. Тэдгээр хүмүүсээс "Энэ автобус хаашаа явж байгаа гэдгийг лавлахад мэдээлэл өгөх хүн олдоогүй юм. Ямартай ч эх сурвалжийн мэдээлсэн үнэн аж. Нэг үгээр хэлбэл нүүрсний хулгайчдыг шалгахаар хууль хүчний байгууллагын мөрдөгчдийн хамтарсан баг Өмнөговь аймгийг зорилоо. Удахгүй нүүрсний хулгайчид ил болох нь байна.  Ажлын хэсгийн хамтарсан багийн шалгалтын талаарх албаны эх сурвалжийн мэдээллийг бид эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө