Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний хулгайчдыг 30 хоногийн дараа зарлана

Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний хулгайчдыг 30 хоногийн дараа зарлана

Эрх баригчдаас шударга ёсыг шаардсан иргэдийн жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Тодруулбал, тус жагсаал өнгөрсөн ням гарагт /2022.12.04/ Сүхбаатарын талбайд эхэлсэн. Жагсаалын хоёр дахь өдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан жагсагчидтай уулзаж шаардлагыг нь хүлээж авахаа мэдэгдсэн ч нөхцөл байдал хүндэрч, эмх замбараагүй байдал бий болсон учраас уулзалтыг цуцалсан.  Харин өчигдөр /2022.12.06/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсаалтай холбоотойгоор олон нийтэд мэдээлэл өгч "Тогтолцооны өөрчлөлтийг хийнэ" гэж мэдэгдсэн. Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд гарч жагсагчидтай уулзлаа. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  "Үг хэлэх, жагсаж цуглах эрхээ эдэлж байгаа та бүхэндээ талархаж байна. Манай улсын эдийн засгийн дийлэнх хүчийг уул уурхайн салбар бүрдүүлдэг.  Гол  нь нүүрс, зэс. Тиймээс нүүрстэй холбоотой, зэсийн орд газруудтай холбоотой улстөрчид, хууль хяналтын байгууллага, шүүх зэрэг олон хүмүүсийн бүлэглэл амь бөхтэй оршсоор байна. Бид энэ бүх асуудлыг сэтэлж, бүх тогтолцоог нурааж байж амжилтад хүрнэ. Ингэснээр дараагийн шинэ 30 жил ирнэ. Хэрвээ бид шинэ 30 жилийг эхлүүлж чадахгүй бол байрандаа зууралдаж үлдэнэ. Засгийн газар олон асуудлыг шийдэж чадсан. Бид 2.3 тэрбум долларыг тэглүүлж чадсан. Энэ бүхнийг өнгөрсөн богинохон хугацаанд хийсэн. Бид урагш явах ёстой, ухарч гишгэж болохгүй. Одоо бид шийдвэрлэх үедээ ажиллаж байна, энэ бол нүүрсний хулгай. 

Засгийн газар өнөөдөр хуралдсан. Хуралдааны үеэр би Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нараас "нүүрсний хулгай"-н хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлаж, шалгахад хэд хоног шаардлагатай вэ гэж асуусан. Тэгэхэд надад дор хаяж 30 хоног шаардлагатай гэж хариулсан. Тэгэхээр хамгийн багадаа 30 хоногийн хугацаа хэрэгтэй байна. Хөгжлийн Банканд улсынхаа нэрээр бонд авч бүлэглэлийн зарчмаар хуваасан жинхэнэ луйварчид өнөөдөр нийтийг өдөөн хатгаж, турхирч байна. Үүнийг би мэдэж байгаа. Нүүрстэй холбоотой шударга ёсны тэмцлийг Засгийн газар өнөөдрийг хүртэл дэмжиж байгаа. Бид зарим тайлбарыг өгөхгүй байгаа ч гэсэн иргэдтэйгээ хамт байгаа. 

Өнөөдөр энд улс төрийн зорилготой хүмүүс ч ирсэн байгаа. Жинхэнэ нүүрсний хулгайчдын ятгалгаар ирж, зориуд жагсаал цуглааныг өдөөн хатгаж, Засгийн газрыг турхирч байгаа хүмүүс ч бий. Үүнийг Монголын ард түмэн ялгаж салгаж, дүгнэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг Монгол Улсын Засгийн газар илрүүлэхийн төлөө тэмцэх болно. Ард түмэн та бүхэн бидэнтэй хамт байна гэдэгт итгэж байна Энэ бүх үймээн самууны ард ТЕГ-ын дарга байсан Б.Хурцаас эхлээд олон хүн байгаа мэдээллийг бид авч байна. Та нар минь жинхэнэ нүүрсний хулгайч нарын ятгалгад автахгүй, Засгийн газартайгаа хамт байна гэдэгт итгэж байна. Ингэж байж асуудлыг бид хамтдаа шийднэ. Бид хамтдаа тэмцэх ёстой болохоос ялагдах ёсгүй. Олон олон жолооч нарын асуудал бий. Олон олон улстөрчдийн асуудал бий. Энэ бүхнийг хамтдаа байж шийднэ. Үүнийг та бүхнийг ойлгоно гэж бодож байна.

Би ч гэсэн залуу хүн. Та бүхэнтэйгээ хамт тэмцэхийг хүсэж байна. 30 жилийн алдаа завхралыг засахын төлөө хичээцгээе. Ахын дүү нараа бид нэг тал. Харин өдөөн турхирах, эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн хүмүүс ч байгаа байх" гэв.