Долоон настай хүүгээ ослоор алдсан ээжийн сэтгэл санааны хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэжээ

Долоон настай хүүгээ ослоор алдсан ээжийн сэтгэл санааны хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэжээ

Иргэн Б тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 7 настай хүүг мөргөж, амь насыг нь хохироосон. Хүүгийн ээж Т гэм буруутай этгээдээс сэтгэл санааны хохирол 3 сая 678 мянга 800 хүүхдийг 7 нас хүртэл өсгөж хүмүүжүүлсний зардал 16 сая 321 мянга 200 нийт 20 сая төгрөгийг нэхэмжилсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохирлыг гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд “Иргэний хуулийн гэм хорын ерөнхий зохицуулалтад эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах агуулга, зарчим тусгагдсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэслэлтэй” гэж дүгнэн нэхэмжлэгчээс сэтгэл санааны хохиролд шаардсан 3 сая 678 мянга 800 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэв. Харин хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд гаргасан зардал нь хариуцагчийн гэм буруутай үйлдлээс болж нэхэмжлэгчид учирсан хохирол биш, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь эцэг, эхийн хуулиар хүлээсэн үүрэг тул холбогдох шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзжээ.